Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.09/болж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг удахгүй мэдээлнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украин улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 25-аас иргэдээ татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг 100 хувь татаж авлаа. Харьков хотод байсан 15 оюутнууд энэ цаг мөчид Польш улсын хилээр орж ирж байна. Нийтдээ 58 иргэнийг Польшийн хилээр татан авсан. Энэ ажиллагаанд тус улсад оршин суугаа монгол иргэд идэвхтэй оролцсон. Польшийн хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 иргэн Монгол руу ниссэн бол гурав нь хэдийнэ эх орондоо ирсэн. Харин 15 нь Истамбулд байна. Тэд маргааш эх орондоо ирнэ. Киевээс ахиад гурван иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Үүн дунд монгол иргэнтэй гэр болсон киргиз хүн байна. Тэднийг удахгүй татаж авна" гэдгийг хэлсэн.