Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв.
Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авлаа.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.
АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАНАЙ ТАЛААС ДАРААХ ГОЛ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦАНА
- 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар,
- Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар,
- Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана.
- Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар,
- Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ,
- Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах,
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудал.