Хүний сэтгэхүй, зан төлөвийг судлахад квантын онолын санааг хэрэглэх тухайд

Хүний сэтгэхүй, зан төлөвийг судлахад квантын онолын санааг хэрэглэх тухайд


4 жил

Аж үйлдвэрийн 4-ээр хувьсгалын эринд шинэ цагийн мэргэжилтнүүдэд зөөлөн ур чадвар, тухайлбал шийдвэр гаргах, эрсдэл хийх, сэтгэл хөдлөлийн интеллект, когнитив уян хатан чадварыг эзэмшсэн байх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлага тавигдаж байна.

Орчин үед хөгжингүй орнуудад хиймэл оюун бүтээх, квантын тархи, квантын оюун ухааны чиглэлээр судалгаа өргөжиж байна. Энэхүү хөгжлийн хандлагатай уялдан тархи судлал, сэтгэл судлал, менежмент, хэл шинжлэл, мэдээллийн технологи, эдийн засаг гээд хүмүүнлэг, нийгмийн ухааны хүрээг хамарсан шинжлэх ухааны салбар хоорондын солбилцол дээрх ирээдүйтэй тэргүүлэх чиглэлүүд хөгжиж байна.

Энэ хандлагыг үндэс болгон хөгжингүй орнуудад өсвөрийн залуу үеийг Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд бэлтгэх чиглэлээр STEAM боловсролыг чухалчлан үзэх болов.

Ийнхүү Стив Жобсын хэлсэнчлэн технологи нь хүмүүнлэгийн ухаантай ураг төрөл болж нийгмийн дэвшил, хүний зүрх сэтгэлд хүрэх тухай үг биеллээ олох боллоо.

1. Алдарт физикч Н. Бор бусад судлаачдын хамт бөөм – долгионы дуализмын тухай онолыг дэвшүүлснийг хожим нь хүний сэтгэлгээг судлахад хэрэглэх болсон. (Susan Borowski, Quantum mechanics and the consciousness connection. 2012)

Судлаачид долгион-бөөмсийн дуализмын онолын хүрээнд хүний танин мэдэхүйн үйл ажиллагааг бодол санааны квант гэдэг ойлголтоор өргөтгөн хүний ой тогтоомж, хүртэн мэдрэхүй, учир шалтгааны холбогдлыг тодорхойлох, үндэслэл гаргах зэрэг сэтгэн бодох механизмыг судлахад математик загваруудыг хэрэглэж байна.

Тархины нейронуудын идэвхжилтийг анхан тооны эрэмбэ дараалалтай холбон мэдрэлийн эсүүдэд кодлогдсон мэдээллийг судасны цохилтын хэмнэл, эрэмбэтэй жишсэн байна. (A.Bershadskii. Hidden Periodicity and chaos in the sequence of prime numbers)

Хөгжмийн ритм, фрактал бүтцийг тодорхойлох, тухайлбал Битлес ба Моцартын хөгжмийн төсөөт чанарыг тодорхойлоход цаг хугацаа орон зайн координат дээр тооны үйлдлийн, дискрет функцийн аргыг хэрэглэсэн байдаг. Тэрчлэн сонгодог балет, ардын бүжиг болон орчин үеийн (постмодерн) бүжгийн хөдөлгөөн, хэмнэлийг гармоник зохицлын үүднээс тайлбарлахад тооны онолын санааг ашигладаг. (Сироткина.И.Е Дискретное и континуальное в танце. ВП. 2016)

Тархины сэтгэлгээний модуль болон хэлний модуль нь нейроны түвшинд холбогддог учир ментал загвар, концептуудын холбогдол нь юмс, үзэгдлийн ассоциацитив сүлжээний илэрхийлэл болно. Иймээс хүний юмс, үзэгдлийг ангилж, эрэмбэлж холбон нэгтгэх сэтгэхүйн үйл явцыг олонлог хоорондын нэгдэх болон огтлолцох, коньюнкц болон дизьюнкцийн үйлдлээр тайлбарлах оролдлого хийгдэж байна. (Diederik Aerts. Lester Beltran. Quantum structure in cognition: Human language as a boson gas of entangled words. 2019. Quantitative biology)

Аравтаас дээш тоог нэрлэх арга зарим хэлэнд ялгаатай байдаг нь тухайн хэлээр харилцагч ард түмний когнитив стратегийн онцлогоос хамааралтай гэж үзэж байна. Монгол болон Англи, Орос хэлэнд 10-с 20 хүртэлх тоог нэрлэсэн байдлыг харьцуулахад дээр дурдсантай ойролцоо дүгнэлтэд хүрэхээр байна.

Хэлний сэтгэлгээний судалгаанд цаг хугацааг мэдрэхэд Энэтхэг, Европ бүлгийн хэлээр харилцагч ард түмэн цаг хугацааг “горизонталь” зураглалаар мэдэрдэг бол Хятад хүмүүс “вертикал” зураглалаар хүлээн авдгийг тэмдэглэсэн байдаг. (Boroditsky.L How language shapes thought. 2011) Хятад болон Англи хүүхдүүдийн арифметикийн бодлого бодох чадварыг харьцуулан судлахад тархины Вернике болон Брокагийн хэсгийн идэвхжилтийн байдалд мэдэгдэхүйц ялгаа илэрсэн байна.

Бидний судалгаанаас үзэхэд арифметик үйлдлийн дарааллыг (PEMDAS, BEDMAS) хэлний сэтгэлгээ, тухайлбал хүн бодол санаагаа эрэмбэлэх, нэгтгэн дүгнэх, мэдээлэл боловсруулах үйлдэлтэй харьцуулан судлахад нийтлэг зүй тогтол ажиглагдаж байна.

Манай эрдэмтэд тооны онол, тухайлбал хамгийн бага ерөнхий хуваагдагч болон хуваагч (LCM GCD, GCF)-ийн аргыг хэрэглэн үг, өгүүлбэрийн болон текстийн бүтцийн нийтлэг элементүүд, утгын ижил талыг тодорхойлох замаар монгол хэлийг загварчлах оролдлогыг хийж зарим үр дүнг АНУ, Сингапур зэрэг оронд судалгааны сэтгүүлд хэвлүүлсэн.

Хүний далд санааг илэрхийлэх сэтгэлгээний онцлогийг арифметикийн төдийгүй векторын аргаар тодорхойлох нь хүний шугаман сэтгэлгээний зүй тогтлыг судлахад үр дүнтэй санагдаж байна. Алгебрын коммутатив, ассоциатив болон дистрибутив хууль нь хэлний сэтгэлгээнд ч илэрлээ олж байна.

Хүний хэлний сэтгэлгээг векторын аргаар тайлбарлаж, үгсийн сангийн зохион байгуулалтыг загварчилж байна. Энэ нь Монгол болон гадаад хэлний Е-толь бичиг, орчуулгын программ, текстийн анализын программ боловсруулахад ач холбогдолтой юм.

Иймээс бид хүн объектын өнгө, хэлбэр, байрлал, хэмжээ зэрэг шинжийг хүртэн мэдрэх үйл явцыг квантын сэтгэл судлалын үүднээс тайлбарлах нь өгүүлбэр дэх үгсийн дараалал, бүтцийг тодорхойлох, улмаар хэлний бүтцүүдийг загварчлахад нэн үр дүнтэй аргачлал болох тухай санааг гадаадад хэвлүүлсэн өгүүлэлдээ дэвшүүлсэн билээ.

Дээр илэрхийлсэн хэлний болон математик сэтгэлгээний нийтлэг талын тухай зарим санаа нь хүний математик сэтгэлгээ, тухайлбал дискрет тоолол, юмсын олонлог, дэс дараалал, хэмжээ, орон зайг мэдрэх, харьцуулах чадвар нь нейроны болон когнитив механизмтай нягт уялдаатай болох (Бажанов.В.А. Числовое познание в контексте когнитивных исследований. 2019) тухай гадаадын эрдэмтдийн таамаглалыг нотлоход ч хувь нэмэр болох юм.

2. Хэлний шугаман бус үзэгдлийг судлахад квантын онолын санааг хэрэглэх нь ихээхэн ирээдүйтэй юм. Монголын болон гадаадын судлаачид амьдралын өөр өөр хэв шинж, соёлын орчинд хамаарах хүмүүсийн сэтгэлгээний механизмыг вектор, тензорын аргаар судлан хэлний сэтгэлгээний нийтлэг болон өвөрмөц талыг глобал болон локал эквивалент, инвариантын хүрээнд тодорхойлох оролдлогыг хийж байна.

Квантын онолын хүрээнд метафор, хошин шог үг хэллэгийг сэтгэлгээний үл нийцэх схемүүдийн харилцан нөлөөллийн үр дүнд Гилбертийн оронд үүсэх суперпозиц, энтанглемент /entanglement/-ийн үзэгдэлд хамааруулан үзэх болсон.

Координатын системээ сонгоход хүний мэдрэхүйн үүрэг, энд квантын “далд хувьсагчийн” холбогдлыг тодорхойлоход харьцангуйн тусгай онолын хүрээнд лоренцийн трансформацыг ч хамааруулж болох санагдана.

Шугаман бус сэтгэлгээний нэг илэрхийлэл нь хөгжмийн бүтээл болдог. Судлаачид Л.Бетховений симфоний жишээн дээр хөгжмийн бүтээлийн хүний сэтгэл бодолд нөлөөлөх байдлыг квантын семантикийн үүднээс судалсан нь нэн сонирхолтой юм. (Maria.L, Roberto.G. Quantum information, cognition, and music. 2015)

Өвөрмөц болон хошин шог үг хэллэг, хөгжмийн бүтээлийг сонсох, мэдрэхэд хүний тархин дахь энергийн түвшин, фотоны төлөвийг шинжлэн, хүний хэлний сэтгэлгээнд Зипф (Zipf)-н хууль үйлчлэх байдлыг судлах оролдлогыг судлаачид хийж байна. (Diederik Aerts, Lester Beltran. Quantum structure in cognition: Human language as Boson Gas of Entangled words. 2019)

Шугаман бус, метафор сэтгэлгээг, тухайлбал сэтгэлгээний өөр өөр ментал загварын зэрэгцэн орших үзэгдлийг судлахад Э.Шредингерийн онол, В.Гейзенбергийн зарчим ч холбогдоно гэж эрдэмтэд үзэж байна.

Энэ талаас авч үзвэл үг нь нэгэн агшинд хэд хэдэн төлөвт байж болох бөгөөд долгионы функцийн коллапс, суперпозицын нөхцөлд үг хэллэгийн утга, харилцагчийн далд санааны хоёрдмол, тодорхойгүй байдлыг квантын магадлалын аргаар тодорхойлох нь илүүтэй байж болохоор байна.

Хэлний сэтгэлгээнд хүний дотоод санаа бодол, эрмэлзэл зэргийг өнгөн бүтцийн түвшинд тодорхойлох боломжгүй учир олон салаа утга, санааны байж болох магадлалуудын харьцаанд анализ хийхэд энтанглемент, интерференсийн санааг хэрэглэн Гилбертийн оронд загварчлах оролдлогыг судлаачид хийж байна. Энэ нь хэлний сэтгэлгээг загварчлах, ухаалаг веб боловсруулах ажлын эхлэл болно. Энэ талаар судалгааны зарим үр дүнг Австрали, Англид судалгааны сэтгүүлд хэвлүүлэн олон улсын хуралд (Япон, БНСУ, Итали) танилцуулсан билээ.

Эдгээр судалгаанд үндэслэн метафор зэрэг хэлний өвөрмөц үзэгдлээр дамжуулан хүний шугаман бус сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээг судлах чиглэлээр ХИС-ийн тархи судлал, нейро сэтгэл судлалын лаборатори, эрдэмтэд, ШУА, Их сургуулиудын судлаачидтай хамтран ажиллаж байна.

3. Эдийн засаг, менежментийн ухаанд хэрэглэгчийн сэтгэл хөдлөл, зан төлөвийг чухалчлан судлах боллоо. (Richard H.Thaler, Misbehaving: The Making of Behavioral Economics 2015. N5)

Судлаачид тархины долгионыг семантик билэг тэмдэгтэй жишин хүний тархины энергийг оюун санааны эрч хүчний эх үүсвэр байдлаар тодорхойлон альфа, бета, дельта, гамма, тета зэрэг долгионуудын үйлчлэл нөлөөллийг хүний мэдрэмж, зөн билэг, дүрслэн бодох сэтгэхүйтэй холбон судалж байна. (C.Von Der Malsburg. Nervous structures with dynamical links. 1996)

Ухамсрыг квантын механиктай нягт холбон хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөлийг  Гильбертийн оронд хамааруулан мэдээллийг мэдлэг болгон эрэмбэлэх зүй тогтлыг тайлбарлах оролдлого хийж байна. (Roger Penrose On Why consciousness does not compute. Nautilus 2017)

Квантын физикийн энерги болон мэдээлэл дамжуулах, хадгалах тухай онолын санаанд тулгуурлан энерги ба мэдээллийн холбогдлыг эс, нейроны сүлжээний түвшинд авч үзэж энэ нь шийдвэр гаргах сэтгэхүйн үйл явцад нөлөөлөх байдлыг судлах болсон. (Yan Mark Yufik. Neurobiology as information physics. University of Georgia. 2016)

Хүн харж мэдрэх болон сонсож мэдрэх үйл явцыг хүртэн мэдрэхүйн хоёр сувагт таамаглалын хүрээнд тайлбарлах болсон нь хүний танин мэдэх үйл ажиллагааг квантын онолын хүрээнд нарийвчлан судлах сонирхолтой боломжийг бүрдүүлж байна.

Бодит байдлын ментал дүрийг бүтээхэд нейроны ассоциатив сүлжээний гүйцэтгэх үүрэг, харах болон сонсох эрхтнээр дамжуулан мэдээлэл боловсруулахад анхаарлын шилжилт, сонголтын механизмын үйлчлэлийг тодорхойлоход квантын ассоциатив сүлжээний санааг олонхын (Majority rules) дүрэмтэй холбон авч үзэж болохоор санагдана.

Энэ хүрээнд хүртэн мэдрэхүйн сувгуудаар хүлээн авсан мэдээлэл боловсруулахад тархины нейронуудын идэвхжилийг судалж танин мэдэхүйн загварууд боловсруулж байна. Квантын танин мэдэхүйн онол, загваруудыг нейро маркетингд хэрэглэх боллоо (Elie Conte, Ignazio Licata. A Quantum Neurological Model of Perception-Cognition and Awareness in Ambiguous Figures and the Case of the Dalmatian Dog, Journal of Behavioral and Brain Science, 2015). Манай нөхцөлд ийм когнитив загваруудыг цахим сургалтын контент боловсруулахад ашиглах боломжтой юм.

Эрдэмтэд хүний сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг (emotional intelligence) судлахад квантын суперпозиц, интерференсийн онолын санааг хэрэглэж, улмаар сэтгэл хөдлөлийг тархины энергийн давтамжаар тодорхойлох саналыг дэвшүүлснийг хэрэглээнд оруулах боломжтой юм.

Тухайлбал, сэтгэхүйн “бөөмсийг” динамик төлөвт долгионы функцийн шугаман холбогдлоор тодорхойлж хүний сонголт хийх сэтгэхүйн үйлдлийг загварчлах оролдлогыг энд дурдаж болно. (Fran de Aquino. Physical foundations of quantum psychology. 2007)

Фокийн (Fock space) оронд концепт хоорондын коньюнкц болон дизьюнкцийн холбогдлыг тодорхойлох, тухайлбал интерференс, суперпозицийн санааг хэрэглэн шийдвэр гаргах сэтгэхүйн механизмыг квантын магадлалын үндсэн дээр тодорхойлох талаар Дж Нейман болон Оскар Моргенстерн нарын онолын санааг эдийн засаг, санхүүгийн менежментэд үр дүнтэй хэрэглэх болжээ.  /John Von Neumann, Oskar Morgenstern – Theory of games and economic behavior. Princeton 1953/

Динамик квантын онолыг тодорхойгүй байдалд шийдвэр гаргах сэтгэхүйн үйлдлийг судлахад хэрэглэж байна. (Jerome R.Busemeyer. Peter D.Bruza, Quantum models of cognition and decision. Indiana University, Bloomington. 2012)

Квантын динамикын хүрээнд тархины долгионы функц, түүний магадлалын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх байдлыг тодорхойлоход үнэн ба худал, мөн үнэн-худлын зэрэгцэх суперпозицын үзэгдлийг харгалзан гурван үнэлэмжит логикийн үйлчлэлийг чухалчлан үзэж байна.

Учир холбогдлын үндэслэл, шийдвэр гаргах сэтгэхүйн үйлдлийг Гилбертын оронд квантын магадлалд суурилан тайлбарлах нь илүү үр дүнтэй гэж үздэг байна.

Зөрчилтэй, тодорхойгүй, эрсдэлтэй нөхцөлд шийдвэр гаргах сэтгэхүйн механизмыг судлахад “Хар муур”-ын хийсвэр туршилт (Э.Шредингер), тодорхойгүйн зарчим (В.Гейзинберг) болон нөхөх зарчмыг (Н.Бор) хэрэглэх тухай саналыг ч эрдэмтэд дэвшүүлсэн байдаг.

Хүний стратегийн сонголт, шийдвэр гаргах сэтгэхүйн механизмыг тоглоомын онол, Ж.Нэшийн тэнцвэрт байдлын тухай онолын зэрэгцээ нээлттэй квантын системийн түвшинд авч үзэх хандлага хүчтэй болжээ.

Ийнхүү квантын онолыг байгаль, нийгмийн олон талт юм, үзэгдлийн мөн чанар, динамик төлөвийг шинжлэх ухааны салбар хоорондын солбилцол дээр л судлахад өргөн хэрэглэх болсон нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөгжилд чухал түлхэц болж байна.


Энэхүү хялбаршуулсан өгүүлэлд квантын онолын санааг хүмүүнлэг, нийгмийн ухааны судалгаанд хэрэглэх боломжийн талаар зарим санааг хөндөж илэрхийллээ.

Залуу судлаачид, эрдэмтдэд шинжлэх ухааны салбар хоорондын солбилцол дээр шинэлэг чиглэлийг хөгжүүлэх эрч хүч, эрмэлзэл, өргөн боломж байгаа нь Монголын шинжлэх ухааны ирээдүйг тодорхойлно.

Б.ЧУЛУУНДОРЖ

(Хүмүүнлэгийн ухааны их сургууль)

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 2020.09.09 №180

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү