"С.Жавхлан уран бүтээлээ увсчуудад сонсгохгүй, дуулуулахгүй байх ямар ч боломжгүй"

"С.Жавхлан уран бүтээлээ увсчуудад сонсгохгүй, дуулуулахгүй байх ямар ч боломжгүй"


4 жил

Монголын ард түмний тэр тусмаа увсчуудын сонголт Гавьяат жүжигчин С.Жавхланг урлагийн салбарт эргүүлэн авчирсан. 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, төр түшсэн тэрбээр энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсондоо ихэд гомдож буйгаа удаа дараа илэрхийлэхдээ. Увсынханд нэлээд хатуу үг чулуудан, төрсөн нутагтаа дахин очихгүйгээ амласан. Тэр ч бүү хэл цахим хуудсаараа дамжуулан бичлэг хийснийхээ дараа “Оюуны өмчийн хуулиар миний дууг Увсад сонсохыг хориглолоо” гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл оюуны өмчийн газраас нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа

Оюуны өмчийн хуулиар хэрхэн зохицуулах талаар эл ярилцлагаараа дамжуулан С.Жавхланд төдийгүй уран бүтээлчдэд тодорхой мэдээлэл, мэдлэг өгөхийг хүсэж буйгаа тодотгоё. С.Жавхлан тодорхой түвшинд хориглох боломж бий. Увс аймгийн телевиз, FM, радио, караокегоор дуугаа явуулахгүй, хориглох эрхтэй. “Увсад миний дууг тавихыг хориглолоо” гэх эрх нь С.Жавхланд нээлттэй. С.Жавхлан бүх уран бүтээлээ 100 хувь эзэмшдэг. Яруу найрагч, хөгжмийн зохиолчоосоо эрхийг нь 100 хувь худалдаад авчихсан гэсэн үг. Тодорхой ашиг олох зорилгоор ашиглаж, түгээдэг газруудад дуугаа хориглох боломжтой. Харин Увсад гэлтгүй хаана ч тодорхой газар нутаг, аймгийн иргэдийг онцлон дуугаа дуулуулахгүй, сонсгохгүй байх ямар ч боломжгүй. Хэн ямар уран бүтээлийг хэзээ, хаана сонсох нь хувь хүний эрх. Үүнийг хэн ч хориглож, хязгаарлах учиргүй.

Өнөөдөр Увсын нэг иргэн С.Жавхлангийн дууг утсан дээрээ татаж аваад сонслоо, гэртээ дууллаа. Тэр бол тухайн хүний эрх. CD дээр хуулаад худалдах, үйлчилгээний газартаа дууг нь тавихыг оюуны өмчийн хуулиар хориглох, зохицуулах боломжтой. Харин тухайн иргэн дууг нь сонсохыг, дуулах, CD-г худалдаж авахыг хориглох ямар хууль эрх зүйн үндэслэл байхгүй. С.Жавхлангийн дууг сонсох, дуулах эсэх Увс аймгийн хүн, Увс аймагт амьдарч буй хүнээс үл шалтгаална. Хэн ч, хаанаас ч түүний уран бүтээлийг ашиг олохоос бусад зорилгоор ашиглан, сонсож, дуулах эрхтэй. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй тохиолдлууд”-ыг тодорхой тусгасан байдаг. Амин хувийн хэрэгцээнд, ашиг олох зорилгогүйгээр (сургалт, лекц, дипомын ажил гэх мэт) ашиглах эрх нээлттэй.

Харин ашиг олох зорилгоор ашиглаж буй тохиолдолд л уран бүтээлчид хориглох боломжтой. Уран бүтээлийг нь үйлчилгээний газар, шөнийн цэнгээний газар ашиглавал, CD дээр хуулан тараавал хориглож болно. С.Жавхлангийн олон уран бүтээл “Hitone”, “Unimusic” дээр эгшиглэдэг. Хаана амьдардаг, хаана төрснөөсөө үл шалтгаалан хэний ч уран бүтээлийг дуудлаган дээрээ тавих боломжтой. Мэдээж С.Жавхлан уран бүтээлээ Увсынхны дуудлаган дээр явуулмааргүй байна гэвэл үүрэн телефоны оператор компаниудтай гэрээгээ цуцлах шаардлагатай болно. Тэглээ ч хэн нэгэн дуудлаган дээрээ дуу татахад хаана төрснөөр нь ялгах боломжгүй шүү дээ. С.Жавхлан тоглолт хийлээ гэхэд Увсын харьяат, Увсаас ирсэн иргэн үзэж болохгүй юу гэдэг асуудал мөн үүснэ хэмээжээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү