Италид өнгөрсөн нэг хоногт коронавирусийн халдвараар 475 хүн нас баржээ. Энэ нь тус улсад дэгдэлт эхэлснээс хойших хамгийн өндөр дүн юм.
Одоогийн байдлаар тус улсад вирусээр халдварлагдсан нь батлагдсан 35 713 ттохиолдол бүртгэгдэж, 3000 орчим хүн нас бараад байна. 4000 гаруй хүн эдгэрчээ.
Итали нь коронавирусийн шинэ төрлийн дэгдэлтээр дэлхийд БНХАУ-ын дараа орж байгаа бөгөөд халдварын голомт болсон Ломбарди мужид нэг хоногт 319 хүн нас барах хэмжээнд хүрээд байгаа юм.
Дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварлагдсан нь батлагдсан тохиолдлын тоо 200 мянгаас дээш гарсныг ДЭМБ зарласан.
Эдгээр тохиолдлын 80 гаруй хувь нь Европ болон Ази Номхон далайн бүсийн баруун хэсэгт байдаг улс орнуудад ногдож байгааг ДЭМБ онцолсон байна.