Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны дэмжлэгтэйгээр “Бөгтөр ЖДҮ” ном уншигчдын гар дээр өнөөдрөөс очиж байна. Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туулсан зам, ололт амжилт, саад бэрхшээлийг тус номонд багтааснаас гадна яагаад энэ салбарыг хөгжүүлэх ёстойг баримт түшин энгийн ойлгомжтойгоор өгүүлжээ.
1992 оноос суурь нь тавигдсан Монголын ЖДҮ эрхлэгчдийн өнгөрсөн хугацаанд туулсан замыг бид 2018 оноос сайн мэдэх болсон. 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ –ын нэр бүхий гишүүд ЖДҮ-чдэд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдлээ ашиглан авч, олон хүний боломжийг хулгайлсан баримтууд ил болсноор нийгэм ЖДҮ эрхлэгчдэд анхаарал хандуулж эхэлсэн юм. Энэ бүхнийг өнөөдрөөс уншигчдын хүртээл болгож байгаа “Бөгтөр ЖДҮ” номын эхний бүлэгт олон талын эх сурвалжтай өгүүлжээ. Түүнчлэн номын 2,3-р бүлэгт улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруун дээрээ үүрч ажлын байр бий болгодог ЖДҮ эрхлэгчид эрх мэдэлтнүүдээс болж өнгөрсөн хугацаанд ямар их боломжоо алдсаныг , цаашлаад энэ салбарыг монгол улс яагаад хөгжүүлэх ёстойг өгүүлсэн байна.
Монгол улс жижиг, нээлттэй зах зээлтэй. Гэхдээ энэ зах зээлд ЖДҮ эрхлэгч бүр өсөж хөгжиж чаддаггүй муу жишиг давтагдаж иржээ. Яагаад хөгжиж чаддаггүйг ч "Бөгтөр ЖДҮ" ном олон талын судалгаа , баримттайгаар тайлбарлажээ. Энэ утгаараа тус салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж хөндлөнгийн судлаачид дүгнэж байна. Түүнчлэн урьд өмнө нь ЖДҮ эрхлэгчдийн тухай цогц мэдээлэл судалгаа бүхий ийм ном гарч байгаагүй учир энэ төрлийн ном эрэлт ихтэй байжээ. "БӨГТӨР ЖДҮ" ном энэ эрэлтийг нөхөж гарч ирснийг номын мэргэжилтнүүд онцолж байна.