Б.Бат-Эрдэнэ: "Дубайн гэрээ" Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ

Б.Бат-Эрдэнэ: "Дубайн гэрээ" Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ


5 жил

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буюу "Дубайн гэрээ"-г хүчингүй болгох шийдвэрийг өчигдөр /2019-11-18/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх гаргажээ. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүдээс тодруулга авч хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар би юм хэлэхгүй. Гэрээний тухайд байр сууриа илэрхийлье. Дубайн гэрээг Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх хамтарсан засаг барьж байх үедээ энэ гэрээг байгуулсан. Дубай руу явж гэрээ хийх гэж байгааг нь засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан. Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гарсан. Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм. Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюутолгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн. 

2018 онд Д.Тэрбишдавга гишүүн бид 2 удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах  ажлын хэсэг гарсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан.

Уг Дубайн гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа. Энэ 7 хоногт уг асуудал яригдах байх.

Энэ гэрээг болохгүй ээ гэж би анхнаас нь хэлж байсан. Монголын төр, ард түмэн ашиг болох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ. 57 дугаар тогтоолоор "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюутолгойн хувь хэмжээг 50 хувьд хүргэ" гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Мөн л Оюутолгойн Монголын талын хувийг 51-ээс дээш хувьд хүргэ гэж гарсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор бас дээрхтэй ижил шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр тэр 34 хувийг үнэ төлж авахаар болчихоод байна" гэлээ.

-Шүүх Дубайн гэрээг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалт зогсох нөхцөл үүсэх юм бишүү?

-Шүүхтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. УИХ бол энэ гэрээг цуцал гэдэг дүгнэлт гаргасан. Би тусад нь "57 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханга" гэсэн санал бичиж өгсөн.  Тухайн үед 57 дугаар тогтоолоор 5 жилийн дотор хөрөнгө оруулалтаа босгоно, тэгээд үр ашгаа 4 жилийн дотор нөхөөд, ашгаа авах тухай яригдаж байсан. Гэвч одоо Монголын ард түмэн Оюутолгойн гэрээнээс 2038 он хүртэл ашиг хүртэхээргүй болоод байгаа шүү дээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү