Өмнөд Солонгосын алдар цуутай жүжигчин хосууд болох Сон Хи Гё, Сон Жүн Ги нар “үлгэрийн мэт” хуримаасаа хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа салахаар болжээ.
Өчигдөр буюу Пүрэв гарагт тэдний өмгөөлөгч, бие төлөөлөгчид салах шийдвэрийг нийтэд зарлаж, фэнүүдийг нь цочроогоод байна.
Жүжигчин хосууд 2016 онд хит болж байсан “Нарны үр сад” цуврал киноны гол дүрүүдийг хамтдаа бүтээсэн юм. “Хувийн үзэл бодол нийлээгүй” шалтгаанаар салж байгаагаа зарласан Сон Хи Гё, Сон Жүн Ги нар хамтын амьдралаа “хэрүүл маргаангүй, нэг нэгнийгээ буруутгалгүй, эв найртай” дуусгахаар төлөвлөжээ.
Хэвлэлээр “Сон-Сон”, “төгс хос” хэмээн нэрлэгдэж, Ази тивийг байлдан дагуулж буй поп соёлын “Солонгос давалгаа”-ны нэг хэсэг болж байсан хосууд ийнхүү тус тусын амьдралын мөрийг хөөхөөр болж байна.
Эх сурвалж: Reuters