Ирландын холимог тулаанч, UFC холбооны аварга асан Конор МакГрегор зодог тайлснаа өнөөдөр /2019.03.26/ зарлалаа.
Конор твиттер хуудсаараа дамжуулан, “Сайн байцгаана уу. Жижигхэн зарлал байна. Өнөөдөр би холимог тулаанаас зодог тайлах шийдвэр гаргалаа. Тулаанчиддаа тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье. Харин одоо би тэтгэвэрт гараад байгаа туланчидтайгаа нийллээ” гэж мэдэгдсэн юм.
Энэ жил 30 настай МакГрегор 2008 оны 3-р сард холимог тулааны спортод шилжсэн. 2013 оны 4-р сард АНУ-ын UFC холбоонд анхны тулаанаа хийж байв. Конор холимог тулаанд 21 ялж, 4 ялагдсан амжилттай замналаа өндөрлүүлж байна. Тэр хамгийн сүүлийн тулаанаа 2018 оны 10-р сарын 6-нд хийж, ОХУ-ын Хабиб Нурмагомедовд ялагдсан билээ.