Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max-8” нисэх онгоц Ням гаригийн өглөө /2019.03.10/ 149 зорчигч, нисэх багийн найман гишүүнтэй зорчиж яваад осолдсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Харамсалтай нь орон нутгийн цагаар өглөөний 08:38 цагт Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу нисч байгаад осолдсон уг онгоцноос нэг ч хүн амьд үлдээгүй талаар BBC агентлаг мэдээллээ.
Хөөрөөд ердөө зургаан минутын дараа буюу 8:44 цагт холбоо тасарч эхэлсэн ба холбоо тасрахаас өмнө нисгэгч онгоцонд асуудал үүслээ, тиймээс буцах шаардлагатай байна хэмээн хэлж амжжээ. Нислэгийг удирдаж байсан онгоцны ахмад Яред Гетачев нь 8,000 цагийг агаарт өнгөрүүлсэн маш туршлагатай нисгэгчдийн нэг байжээ. Одоогоор ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байгаа бөгөөд “Boeing” онгоц үйлдвэрлэгчдийн зүгээс өөрсдийн шинжээчдийн багийг илгээжээ.
Онгоц нийслэлээс зүүн урд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо унасан ба нийт 32 орны зорчигч зорчиж байсан гэнэ. Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус улсын засгийн газар болон “Ethiopian Airlines” компанийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж улс орон даяар гашуудал зарласан байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трьюдо, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш, Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта, Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон нар тус онгоцонд зорчиж яваад амиа алдсан өөрийн улсын иргэдийн ар гэрийнхэн болон Этиоп улсад тохиолдсон уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлжээ. Уг онгоцонд Кенийн 32, Канадын 18, Этиопын 9, Италийн 8, Хятадын 8, Америкийн 8, Британийн 7, Францын 7, Египтийн 4, Германы 5, Энэтхэгийн 4 иргэнээс гадна бусад улсын тодорхой тооны иргэд зорчиж байсан ажээ. Зарим зорчигч НҮБ-ын пасспорттой байсан нь Даваа гаригт буюу өнөөдөр /2019.03.11/ Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны чуулганд оролцохоор явж байсан байж магадгүй гэв.