Энэтхэгийн Керала мужид гурван сая эмэгтэй авто замын дагуу эгнэн зогсож, 620 км үргэлжилсэн “хүн хана” үүсгэжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэж буй хэрэг юм байна.
Дэлхийд өмнө нь ийм урт “хүн хана” үүсгэж байсан тохиолдол бүртгэгдээгүй. Кералагийн алдарт Сабаримала сүмд эмэгтэйчүүдийг оруулахгүй, хориглож байгаагаас ийм тэмцэл зохион байгуулахад хүрсэн байна.
Хинду шашны тус сүм түүхийнхээ туршид “сарын тэмдэг үзэгдэх насны” бүсгүйчүүдийг оруулдаггүй уламжлалтай байжээ. Гэвч өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгийн дээд шүүх уг хоригийг цуцлах шийдвэр гаргаж байв. Үүний дараа сүмд орох гэсэн эмэгтэй мөргөлчид олон удаа эрчүүдийн халдлагад өртсөн юм. Хамгийн сүүлд хэдхэн өдрийн өмнө сүмд мөргөх гэсэн хоёр эмэгтэйг олон тооны эрчүүд саатуулах гэж хүч хэрэглэж байжээ.
Эх сурвалж: AFP