Хятадын төдийгүй Холливүүдийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн Хонгконгийн алдарт жүжигчин Чоү Юн Фат өөрийн цуглуулсан хөрөнгө болох 714 сая ам.доллараа бүхэлд нь сайн үйлсэд хандивлана гэдгээ мэдэгджээ.
Хонконгийн www.jaynestars.com цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа Чоү Юн Фат, “Миний мөрөөдөл бол аз жаргалтай бөгөөд энгийн амьдрах. Амьдралын гол утга учир нь мөнгө олохдоо биш юм. Харин хэрхэн амар амгаланг олж, үлдсэн амьдралаа энгийн бөгөөд санаа зовох зүйлгүй өнгөрүүлэхэд оршино” хэмээн ярьжээ.
Тус цахим хуудсанд бичсэнээр 63 настай жүжигчин эр хэдэн зуун сая ам.долларынхаа хөрөнгөөс сард зөвхөн 102 орчим ам.долларыг л зарцуулдаг аж.
Чоү Юн Фат маш даруухан амьдардаг нэгэн ба нийтийн тээврээр зорчихийг илүүд үзэж, олсон мөнгөө өөртөө бус сайн үйлсэд зориулахыг хичээдэг гэнэ. Тэрээр 17 жилийн турш Нокиа гар утас барьсан ба утас нь эвдэрсэний улмаас саяхнаас ухаалаг утас барьж эхэлсэн аж.
Хямдралтай барааны дэлгүүрээс хувцас худалдан авдаг тухайгаа тэрээр, “Би өөрийгөө бусдад зориулж хувцасладаггүй. Биед маань л эвтэйхэн байвал надад хангалттай” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: www.indiewire.com