Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой намрын эдгээр өдрүүдэд эрүүл, цэвэр, бордоогүй хүнсний ногоогоор хангахаар тариаланчид нийслэлийг зорин ирдэг.
Энэ жил бороо хур элбэгтэй дэлгэр зун болж тариаланчид ургац арвин авсныг бидний гар дээр ирж байгаа нарийн ногооны үнийн мэдээлэлээс харж болох юм. Иймд энэ удаагийнхаа сурвалжлагыг Скай их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулагдаж буй хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанаас бэлтгэлээ.
Дашрамд энэхүү үзэсгэлэн худалдаа эхэлснээр 1000-1200 төгрөгөөр худалдаалж байсан төмсийг 500 төгрөг болгож одоогийн байдлаар 9 сая төгрөг хэмнэжээ. Тэд зөвхөн ногоогоо зараад зогсохгүй Сэлбэ гол дагуух хогийг цэвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын өрхийн тариаланч О.Хатанбаатар: ’’Хүнсний ногоог ченж дамжуулахгүй борлуулж байна’’
Миний хувьд 20 жил ногоо тарьж байна. Гэр бүлээрээ тариалангийн аж ахуй эрхэлдэг. Манайх энэ үзэсгэлэн худалдаанд 12 дахь жилдээ оролцож байна. Нарийн ногооноос гадна огурци, чинжүү, хүрэн манжин, броклли, хулуу тарьж өөрсдийн гараар даршилж хэрэглэгчдэд хүргэж байна. Хүнсний нарийн ногоонууд ус агаар, нар салхи гээд бүх зүйлийг нь тааруулахгүй бол тариалахад бүгд л хэцүү. Ялангуяа чинжүү арчилгаа их шаарддаг амархан муудах гээд байдаг юм. Мөн энэ жил манайх гэлтгүй бусад тариаланчдын хувьд хамгийн их ургац авсан нь төмс. Манайхан харьцангуй Монгол ногоогоо хэрэглэе гэсэн хандлагатай болсон байгааг хараад баярлаж л байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланч Ц.Наранцэцэг: ‘‘10 дугаар сарын дунд хүртэл Монголынхоо хөрсөнд ургасан ногоог зарна’’
Би Говь-Алтай аймгаас Сэлэнгэ аймаг руу шилжин суурьшсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 32 жил газар тариалан эрхэлж байна. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан намар болж байгаа ч гадаад талбайн огурци, хулууны ургац өмнөх жилийхийг бодвол гарц муутай л байна. Манайд хүнсний ногоо 500-1500 төгрөгний хооронд зарагдаж байгаа. Бид нар хоршоо үүсгэж хамтран ажилладаг болохоор хүнсний ногоогоо өдөр бүр тогтмол сумаасаа татаж авч нөөцөлж байна. Би энэ үзэсгэлэнд анх зохион байгуулагдсан цагаас нь хойш оролцсон.
Та үзэсгэлэнг зорин ирснээр өдөр тутам хэрэглэдэг хүнсний ногоонуудаа дараах үнээр худалдаж авах боломжтой юм. Үүнд:
Төмс 500
Манжин-1000
Лууван 1300-1500
Байцаа-500-1500
Сармис 10000-25000
Тарвас-1000-1500
Сонгино 1300-1500
Броклли-4000
Чинжүү 3000-4500 төгрөгний хооронд зарагдаж байна. Иймд Нийслэлчүүд та бүхэн Монголынхоо хөрсөнд ургасан Монгол ногоогоогоо хэрэглэхийг уриалж байна.