Турк улс iPhone-д хориг тавина

Турк улс iPhone-д хориг тавина


6 жил

  Валютын хямрал тохиолдоход улс орнуудын эрх баригчид хамгийн түрүүнд бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авдаг.

Үндэсний валют лир нь хүнд байдалд орсон Турк улс үүний оронд өөр арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Тухайлбал сөрөг мэдээлэл тарааж буй олон зуун сошиал хаягнуудыг мөрдөх, эздийг нь олж шийтгэх, бурханд найдах гэх мэтээр.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнгөрсөн тавдугаар сард сонгуулийн үеэр хэлэхдээ “Бүх чөтгөр шулмын эх, эцэг нь бодлогын хүү гэдэгт би итгэдэг” гэж байжээ. Саяхан тэр АНУ-ын зүгээс импортын татвараа нэмсний дараа “Тэдэнд доллар байгаа бол бидэнд Бурхан байна” гэж хэлсэн юм.

Харин өчигдөр Эрдоган эрх баригч консерватив намынхаа гишүүдэд хандаж үг хэлэхдээ “Тэдэнд iPhone байна. Нөгөө талд нь Samsung байна. Тэгвэл бидэнд Vestel Venuus байгаа. Бид ард түмэнтэйгээ хамт доллар, форексын үнэ, инфляц, бодлогын хүүний эсрэг шийдвэртэй зогсох болно. Бид нэгдэн нягтарч чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж чадна” хэмээн ярьжээ.

Тэрээр iPhone-оор төлөөлүүлэн АНУ-ын электроникийн бараа бүтээгдэхүүнд хориг тавих санаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Vestel Venuus нь Туркийн ухаалаг гар утасны үйлдвэрлэгч юм. Өнгөрсөн оны сүүлийн байдлаар энэхүү дотоодын гар утас зах зээлийн 2.08 хувийг эзэлж байжээ. Харьцуулбал iPhone нь Туркийн зах зээлийн 17.41 хувийг эзэлдэг.

Нийтдээ 41.09 сая ухаалаг гар утасны хэрэглэгч Туркэд байдаг бол тэдний 7.15 сая нь iPhone хэрэглэдэг ажээ. Энэ нь дэлхий даяар хамгийн багадаа 700 сая гар утасны хэрэглэгчтэй Apple-ийн зах зээлийн 1.02 хувь гэсэн үг юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү