Аугаа барилгууд; Сиднейн Дуурийн ордон

Аугаа барилгууд; Сиднейн Дуурийн ордон


6 жил

1956 онд Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн захиргаа Сидней хотын дуурийн шинэ барилгын загвар хийлгүүлэхээр олон улсын уралдаан зарласан юм. Барих газар нь алдарт Харбоб гүүр болон далай харагддаг Бенелонг Пойнт хэмээх хошуу түрж орсон өндөрлөг байлаа. Олон ч архитектор санал ирүүлснээс ялагч нь эх орноосоо гадна төдий л танигдаагүй Данийн Йорн Утзон байсан юм.

Утзоны загвар цаад далайн усанд байгаа хөлөг онгоц, завинуудын далбаа мэт газраас дээш хөөрсөн цагаан дээвэртэй. Эл барилгын хоёр гол танхимыг бүрхсэн эдгээр мэл гайхам бахдам дээврүүдийнхээ ачаар чухамдаа Утзон тэмцээнд түрүүлсэн байх. Гэлээч үүнийг барихад томоохон бэрхшээл тулгарсан юм.  Утзоны уралдаанд явуулсан загваруудад даацын талын зөвлөмж тусаагүй байсны дээр дээвэр яг ямар хэлбэртэй байвал зүйтэй нь тодорхой биш байлаа. Үүнээс үүдэлтэй техникийн бэрхшээлүүд болон төсвийн хүндрэлээс болоод дуурийн ордны барилгын ажил эхнээсээ л доголдож эхэлжээ.

 Барилгын ажил 1959 онд эхэлсэн ч дээврийн загвар ямар байх тухай асуудал нэг мөр шийдэгдээгүй л байлаа. Эцэст нь Утзон Ове Аруп энд Партнерс компани болон өөр бусад даацын инженерүүдтэй хамтран байж болох хамгийн боломжит шийд гаргасан нь дээврийг цуварсан олон бөмбөлөг мэт хийх байв. Бетон хийц алгуур дээш өрөгдөж байх үед эл төслийг хэн удирдах  нь зүйтэй тухай удирдлагын маргаан дэгдэн, улмаар уг төслийг Нийтийн байгууламжийн яам мэдэлдээ авсны дараа Утзон төслөөс саналаараа гарчээ. Утзон гарсны дараа барилгын дотоод заслыг нь илүү практикч байдлаар өөрчилжээ.

Хэдийгээр янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байсан ч эцэст нь хараа булаасан сайхан барилга сүндэрлэсэн бөгөөд Дуурийн ордон өнөөдөр дэлхийн хэмжээний урлагийн тоглолтын төв болоод байна. Дэрвэсэн дарвуул мэт дээвэр нь дайны дараах архитектурын бэлгэдэл болоод зогсохгүй түм түжигнэсэн эрч хүчтэй орчин үеийн Сидней хотын төдийгүй Австрали орны таних тэмдэг, нэрийн хуудас болсон юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү