Орчин үеийн хөгжим тэр дундаа шинэлэг өнгө төрхийг илэрхийлэгч залуусын хүсэн хүлээдэг олон улсын хөгжмийн “Hunnu Music Festival 2018” өнгөрсөн сарын 29-нд Чингисийн морьт хөшөөт цогцолбор буюу Чонжин Болдогт болж өнгөрлөө.
Энэхүү фестивалийг “ON AD” agency, “Jenco Tour Bureau” ХК хамтран зохион байгуулж буй юм.
Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг фестивальд progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан DJ нараас гадна энэ жил урилгаар "The Black Eyed Peas" хамтлагийн дуучин Apl.De.Ap хүрэлцэн ирнэ гэж байсан билээ.
Реппер продюссер Apl.De.Ap нь 1995 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд соло сингл уран бүтээлээ 2012 оноос толилуулж байна. Тэрбээр 2013 онд "Voice of the Philippines" шоунд шүүгчээр ажиллаж байжээ. Ийн дэлхийн оддыг дэргэдээс нь үзэх боломжийг олон улсын томоохон хөгжмийн наадам болох “Hunnu Music Festival 2018” монгол түмэндээ олгосон байна.