АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп шүүмжлэлд өртөөд байсан цагаачдыг хүүхдээс нь тусгаарлах бодлогыг зогсоох тушаалд лхагва гарагт гарын үсэг зурлаа.
Трампын эхнэр Меланиа, охин Иванка, Барак Обама, мэдээлэл технологийн томоохон компанийн удирдагчид, ардчилсан, бүгд найрамдах намын зарим гишүүд цагаачдын бодлогын эсрэг байр сууриа илэрхийлж байсан юм.
Тушаалд дараах гурван гол санааг оруулжээ.
- Хуулийн зохицуулалт хийтэл цагаачдын гэр бүлийг хамт хорих
- Гэр бүлтэй хүмүүсийн хэргийг яаравчлах
- Хүүхдийг хуулийн дагуу хэр удаан хугацаанд хорих зөвшөөрөлтэй талаар шийдвэрлэх
Тушаалын гол зорилго нь шүүхийн шийдвэр гартал боломжит нөөцөөр ханган, гэр бүлийг хамтад нь байлгах юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Доналд Трамп “Бид гэр бүлийг цугт нь байлгана. Гэхдээ бидний хүсээгүй нөхцөл байдлыг бий болгож буй гэмт хэрэгт холбогдсон, хууль бусаар хил нэвтрэх гэж оролдсон хүмүүсийн хувьд хатуу бодлого баримталж, цагаачдын хуулиа чангатгах болно” гэж хэлсэн юм.
АНУ-ын цагаачлалын албаны мэргэжилтнүүдийн мэдээлснээр тавдугаар сарын 5-ны өдрөөс зургадугаар сарын 9-нийг хүртэл 2206 эцэг эхээс 2342 хүүхдийг тусгаарласан байна.
Эх сурвалж: BBC, npr.org