АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт Сингапурын Сентоза аралд байрлах тансаг зэрэглэлийн "Capella" зочид буудалд болно гэж Цагаан ордон ордон мэдээллээ.
Ирэх мягмар гарагт Сингапурын цагаар өглөө 09.00 цагт эхлэх уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт “Capella” зочид буудалд уулзсан байна. “Түүхэн уулзалт”-ын бэлтгэл ажил амжилттай хангагдаж, хоёр тал зөвшилцөлд хүрч байгаа гэж Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр “Ким Чен Унтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээрт хүрэхийг зорьж байгаа. Гэхдээ хэлэлцээр хийхэд нэг удаагийн уулзалт хангалтгүй” гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Түүнчлэн Дональд Трамп “БНАСАУ-тай ойлголцолд хүрч байгаа. Уулзалтаас өмнө хоёр талын харилцаа илэрхий сайжирч, зөвшилцлүүд олноор хийгдэж байгаа. Үйл явц хэвийн ахицтай үргэлжилж байна. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг харъя. Маш чухал үйл явдал болно. Их баярлалаа” гэж онцолсон байна.
Үүний зэрэгцээ Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан Вашингтонд айлчилж байна. Түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хүлээн авч уулзжээ.