Саудын Арабын Хэвлэл мэдээллийн яамнаас мэдээлж байгаагаар тус улсын засгийн газар 10 эмэгтэйд жолооны үнэмлэх олгожээ. Түүнчлэн ирэх долоо хоногт 2000 эмэгтэй жолооны үнэмлэх авах хүсэлт гаргана хэмээн албаны хүмүүс тооцоолж байгаа гэнэ.
Энэ сарын 24-нөөс эхлэн Саудын Арабын эмэгтэйчүүд автомашин жолоодох эрхтэй болох аж.
Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман бин Абдулазиз Аль Сауд 2030 он гэхэд Саудын Арабын эдийн засгийг өөрчлөн шинэчлэх зорилго бүхий төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Үүнд ажлын байран дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх талаар ч тусгасан байсан юм.
Саудын Арабын Хаант улс Ваххаби Исламыг сахин баримталдаг нь эмэгтэйчүүдийн эрхийг бүх талаар хязгаарлахаас гадна олон нийтийн үйл ажиллагааны үеэр эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт байхыг хүртэл хориглодог . Түүнээс гадна эмэгтэйчүүд ямар нэг зүйл хийхээсээ өмнө заавал нөхрөөсөө эсвэл эрэгтэй асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авдаг аж.
Хунтайж Мохаммед бин Салман бин Абдулазиз Аль Саудын шийдвэрээр эмэгтэйчүүдийн сурч боловсрохтой холбоотой зарим нэг хязгаарлалтыг султгаж, эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэн, кинотеатр зэрэг олон нийтийн зарим газруудаар чөлөөтэй явах боломжтой болжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Мохаммед бин Салман бин Абдулазиз Аль Сауд эмэгтэйчүүдэд автомашин жолоодох эрх олгох зарлиг гаргасан бол өнгөрсөн жил эмэгтэйчүүд нөхөр, аав эсвэл эрэгтэй асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авах шаардлагагүйгээр үйлчлүүлж болох газруудын жагсаалтыг гаргахыг засгийн газартаа даалгасан билээ.
Түүнчлэн албан байгууллагуудыг эмэгтэй ажилчдаа тээврээр хангах үүрэг өгсөн юм. Саудын Арабын эмэгтэйчүүдэд боловсрол болон хуулийн салбарт ажиллахад илүү амар болсон ба 2015 онд эмэгтэйчүүд анх удаагаа орон нутгийн засаг захиргааны ажилд сонгогдсон байна.
Эх сурвалж: CNN