ОХУ-ын Чита хотноо болсон "Забайкальский международный кинофестиваль" олон улсын VII кино наадамд найруулагч Б.Ганболдын "Хоёр амь" уран сайхны кино амжилттай оролцож "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртлээ.
Хүүгийнхээ амь насыг аврахын төлөө бүхнээ зориулж буй аавын дүрд тоглосон СТА С.Болд-Эрдэнэ ийнхүү олон орны олон шилдэг жүжигчдээс авьяас чадвараараа ялгаран шагналыг хүртсэн байна. Шагналыг найруулагч Б.Ганболд гардан авчээ.
Тус наадамд 96 кино оролцохоор саналаа ирүүлснээс долоог нь сонгон авч өрсөлдүүлсэн байна. Тэдгээрээс үндсэн таван шалгаруулалтын нэг шагналыг "Хамба фильм", "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл "Хоёр амь" уран сайхны кино хүртжээ.
Кино наадамд Монголоос гадна Орос, Франц, Беларусь, Хятад улсын уран бүтээлчид бүтээлээ толилуулсан байна.
Кино уран бүтээлчдэд халуун баяр хүргэе!