Түвдийн цаг тооны бичигт Бурхан багш буюу Буддагийн мэндэлсэн, нас нөгчсөн, нирваан дүрийг олсон гурван үйл явдал давхцдаг их дүйчэн өдөр энэ оны тавдугаар сарын 29-ны өнөөдөр тохиож байна.
Өнөөдөр Түвд зурхайгаар зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиож байгаа бөгөөд эл өдөр нь Бурхан багшийн их дүйчэн өдөр юм.
Энэ өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд тэмдэглэдэг ба энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Их дүйчэн өдрийг буддын шашин дэлгэрсэн Ази болон Европын орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр хураасан буян түм бумаар арвижихаас гадна буян үйлдэх, амьтны амь хөнөөхийг тэвчих, нэг өдрийн сахил сахих зэргээр буян хурааж маани мэгзэм уншдаг. Мөн энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх, бусдын тусыг чухалчлах буяны өдөр билээ.
Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ж.Одгарьд хэлэхдээ, “Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучлах учиртай. Сүсэгтэн олон өөрийн сэтгэлийг тайван амгалан байлгаж, буянд сэтгэлээ зориулдаг. Их дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил биш, нийт иргэдийн сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой” гэсэн юм.