Нөлөөллийн туршуул гэж юу вэ?

Нөлөөллийн туршуул гэж юу вэ?


7 жил

Нөлөөллийн туршуул ашиглах ажиллагааны үүсэл, хөгжил

“Нөлөөллийн туршуул” хэмээх нэр томьёо өнөө үед хэрэглэгдэж эхлээд төдийлөн удаагүй байгаа боловч энэ төрлийн туршуулд тагнуулын албад ихээхэн ач холбогдол өгч, тагнуул судлаачид  анхаарлаа хандуулах боллоо.

Туршуулын онцгой нууц  энэ төрлийг бүр нэн эртнээс ашиглаж ирсэн түүхтэй бөгөөд тухайн цаг үе, улс орноос хамаарч түүнийг янз бүрээр нэрэлж ирсэн нь ойлгомжтой. Тэр үед нөлөөллийн туршуулаар сонгон ашиглах хүмүүст ихэнхдээ дээдчүүлээс гаралтай, авьяас, чадвар сайтай, царайлаг байх нийтлэг шаардлага тавьдаг байжээ. Тэднийг үнэмшилтэй халхавчаар сайтар бэлтгэснийхээ дараа сонирхол татагч хөрш овог, аймаг, улс орон руу нэвтрүүлнэ. Тийм арга хэмжээний нийтлэг зорилго нь туршуулаа дайсан буюу болзошгүй дайсан улс орны эх баригчдын хүрээлэлд нэвтрүүлж, тэдгээр улсын хүчин чадлыг сулруулан доройтуулах явдал байсан аж.

Энэ төрлийн туршуулыг ёс юм шиг ганц нэгээр нь нэвтрүүлдэг байсан байна. Гэхдээ тэдгээрийг олноор нь нэвтрүүлж байсан онцгой тохиолдол түүхэнд бас бий. Жишээлбэл, тухайн үед цэцэглэн хөгжиж байсан Согиан буюу өнөөгийн Узбекистан, Таджикистаны нутгийг манай эрний өмнөх 328 онд эзлэн авсан, агуу их жанжин, Грек-Македоны эзэнт гүрний мэргэн захирагч Александр Македонский Македон болон Грекийн дээд зиндаанаас гаралтай, оюун ухаан, мэдлэг боловсрол сайтай, бие бялдар төгс, царайлаг зуун залууг тэнд (Согианд) авчируулжээ. Тэрээр тэдгээр залуусыг эзэлсэн нутгийнхаа дээдчүүлийн охидуудтай гэрлүүлэх ажлыг зохион байгуулж, хуримлах ёслолыг өөрөө биечлэн удирдсан гэдэг. Энэхүү арга хэмжээ нь гаднаас харахад ураг төрөл болж буй ард түмэн хоорондоо хэзээ ч  байлдахгүй байхын баталгаа болсон энэрэнгүй зорилготой мэт харагдаж байсан боловч  мөн чанартаа Александр Македонский өөрийнхөө эзэнт гүрний ашиг сонирхлыг хамгаалсан бодлого явуулах дээдчүүлийн хүрээг бэлтгэх стратегийн сонирхлоо хэрэгжүүлсэн хэрэг байжээ.

Нөлөөллийн туршуул ашиглах арга хэмжээг чанд нууцлан ганц нэгээр нь хэрэгжүүлж ирсэнийг мэргэжилтнүүд дараах гол хоёр шалтгаантай холбон тайлбарлаж байна. Үүнд: Нэгд, энэ төрлийн туршуулыг бий болгож чадвал стратегийн том, маш чухал зорилтыг шийдвэрлэж болох боловч түүнийг эсрэг талын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын хүрээлэлд нэвтрүүлж, үр өгөөжтэй ажиллуулах нь нэн нарийн төвөгтэй бөгөөд дээд зэргийн нууцлал, ур чадвар шаарддаг онцгой арга хэмжээ;

Хоёрт, тухайн арга хэмжээ нь алс хэтийн зорилготой бөгөөд тодорхой нөхцөл байдлын улмаас түүний үр дүн нь төлөвлөснөөс эсрэгээр эргэх тохиолдол ч гарч болохыг үгүйсгэх аргагүй зэрэг болно.

Эртний Монголын түүхэнд ч нөлөөллийн туршуулыг амжилттай ашиглаж байсан зарим нэг мэдээ баримт бий. Жишээлбэл, Сирийн Айюбид дэглэмийн их сайд байсан Аз-Зайн-Хафизийг Сирийн захирагч Ан-Насир Юсупын дэглэмийн эсрэг тэмцэх, уг захирагчид Монголыг эсэргүйцэхгүй байхад нөлөөлөх зорилгоор ашиглаж байжээ. Гадаад улс орнуудын тусгай албадын түүхэнд  нөлөөллийн туршуулыг амжилттай ашигласан жишээ баримт ч цөөнгүй. 20-р зууны Орос орон нийтийг хамарсан ажил хаялт, бослого хөдөлгөөнд автаж, хаант засаг байж суух газраа олж ядаж байсан цаг. Тэр хүнд үед Москвагийн Хамгаалалтын цагдаагийн тасгийн дарга С.В.Зубатов нэгэн үр нөлөө бүхий аргыг бодож олсон байна. Тэр нь гадаад байдлаараа “ардчилсан”байгууллагын шинж төлөвтэй боловч мөн чанартаа  цагдаагийн байгууллагын нууц удирдлагын дор ажиллагч нөлөөллийн туршуул тэргүүтэй үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг байгуулж ашиглах явдал байж. Тийнхүү хаант Орост цагдаагийн байгууллагын нууц хүчин чармайлт, санаачилгаар  тэнд үйлдвэрчний эвлэлийн цөөнгүй байгууллага үүсч, хаант засгийн талд нууцаар үйлчилж байсан түүх бий.

Гадаадын тусгай  албад нөлөөллийн туршуулыг хэрхэн бий болгож  ашигладгийн нэг сонгодог жишээ нь Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага ЗХУ-д сууж байсан Францын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Морис Дежантай тодорхой халхавчаар төдийлөн тааламжтай биш ч гэсэн шалтгаанаар дотно харилцаа тогтоож, гадаад улс төрийн бодлогынхоо нэн чухал зорилгоо хэрэгжүүлэхэд  ер бусын үр дүнтэй ашигласан явдал юм. 1950-иад оны дунд үеэс ЗХУ-д элчин сайдаар сууж эхэлсэн Дежаныг нөлөөллийн туршуул болгох арга хэмжээг төлөвлөхдөө Зөвлөлтийн сөрөх тагнуулын албаны удирдлага тэрхүү дипломатчийн ихээхэн ажил хэрэгч чанараас гадна хамгийн гол нь тэрээр Францын Ерөнхийлөгч де Гольтой он удаан жилийн турш дотно нөхөрлөсөн, бүр дэлхийн 2 дугаар дайны үеэс хоёулаа эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байх цагаас эхэлсэн найз нөхөрлөлийг нь тооцон үзсэн байна. де Голь дотно хамтран зүтгэгч Дежаныхаа үзэл бодолд ихээхэн анхааралтай хандаж, олон улсын бодлогын асуудлын талаарх түүний санал бодлыг маш эрхэмлэдэг байжээ. Москвад суугаа Францын ЭСЯ-ны ажилтнуудын дотроос элсүүлж болох өөр өндөр зэрэглэлийн дипломат ажилтан ч  байсан боловч чухам дээрх байдлыг нь харгалзан Дежаныг сонгосон байна.

ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын зөвлөхийн халхавчаар өөртэй нь алба, амины дотно харилцаатай болсон Зөвлөлтийн сөрөх тагнуулын албаны дарга Грибановтой тэрээр Францын гадаад улс төрийн бодлогын асуудлууд, ялангуяа ЗХУ болон НАТО-гийн гишүүн орнуудтай харилцах Францын харилцааны талаар илэн далангүй ярилцаж, өөрийн санал бодлыг дэлгэдэг, түүгээр ч барахгүй Зөвлөлтийн талыг ямар нэг буруу алхам хийхээс сэрэмжлүүлэхийн гадна Барууны дипоматуудын үйлдлүүд, ажил хэрэг, хувийн шинж чанар, ЗХУ-ын талаарх тэдний бодлого, төлөвлөгөөнүүдийн тухай ярьдаг байжээ.  Энэхүү нэн үнэ цэнэтэй нөлөөний туршуулын ачаар Зөвлөлтийн сөрөх тагнуулчид Францыг НАТО-гоос бүрэн салгах эцсийн зорилгоо  амжилттай хэрэгжүүлж чадсан байна.

Түүхийн шинэхэн үед  АНУ-ын ТТГ өөрийн нөлөөллийн туршуул Лех Валенсаар толгойлуулсан “Эв санааны нэгдэл” ҮЭБ-ыг Польшид социализмыг нураахад амжилттай ашигласан.

Оросын судлаачдынхаар ЗХУ-ыг сүйрүүлэхэд түүний хамгийн дээд түвшний удирдлагад байсан АНУ-ын нөлөөллийн туршуулууд  чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.  Тийм арга замыг ашиглах санаачилгыг 1945 оны эхээр болсон нэгэн нууц хуралдаан дээр ирээдүйн АНУ-ын ТТГ-ын захирал агсан А. Даллес гаргажээ. Тэрээр “Дайн дуусмагц бүх юм хувирч өөрчлөгдөнө. Тэр үед бид өөрсдийнхөө бүх алт, хүч, нөөц бололцоогоо бүх хүний толгойг нь эргүүлж, эргүү тэнэг болгоход зориулах хэрэгтэй. ...бид тэдэнд тархи толгойг нь эргүүлж,  тэд нарын үнэт зүйлсийг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр худал хуурмаг үнэт зүйлсээр солих болно. Үүнийг хийхийн тулд бид Орост өөрийн нууц туслагч, холбоотнуудыг олно. ...тэдний оролцоо, тусламжтайгаар бид энэ дэлхий дээр дийлдэшгүй болж байгаа тэр ард түмнийг, түүний өөрийн ухамсрыг нь аажим аажмаар хэзээч сэргэшгүйгээр бүрмөсөн мөхөлд хүргэнэ. ...бид тэдний утга зохиол, урлагаас ард түмнийх нь сэтгэл зүрхний гүнээс урган гарсан нийгмийнх нь мөн чанарыг аажмаар арчиж зайлуулна. Утга зохиол, театр, кино тэр бүхэнд нь хүн төрөлхтөний хамгийн бузар булай бүхнийг дүрсэлж, харуулж, алдаршуулах болно.  ... Төрийн удирдлагын хүрээнд засаг захиргаагүй, эмх замбараагүй байдлыг бий болгоно... Үнэнч шудрага ёс, журамт байдлыг инээдэм доог тохуу, хуучны үлдэгдэл болгон хувиргана. Худал хуурмаг явдал, хуурч мэхлэх, хар амиа бодох, архидалт, ичгүүр сонжуургүй байдал, үндсэрхэх үзэл... энэ бүхнийг дэвэргэн дэлгэрүүлж, тэдний үндэстэн, ястнуудыг бие биеийнх нь эсрэг тухирна. Энэ бүхнийг бид огт үл анзаарагдам байдлаар овжин зохион байгуулах болно. Тэгж бид тэдний үе үеийнхнийг ганхуулан сулруулна. ... Бид энэ ажлаа бүр хүүхэд, өсвөр насны хүмүүсээс эхлэн залууст гол найдлагаа тавьж, тэднийг үймүүлэн самууруулж, задлан бутаргаж, тэдний дундаас нөлөөллийн туршуулууд хийгээд эх орон, үндэснийхээ соёлыг үл хэрэгсэгч,“чөлөөт ертөнц”-ийн хүмүүсийг бий болгоно” гэсэн байна.

Үнэхээр ч 1947 оноос эхлэн АНУ  “Сэтгэл санаа нэгтэн, холбоотон, туслагч” нарыг бэлтгэх хэд хэдэн хөтөлбөрийг ЗХУ-ын нутагт хэрэгжүүлж эхэлсэн ажээ. Жишээлбэл, Латвийн гадаад хэргийн сайдын мэдээлснээр 1985-1992 онд АНУ “ЗХУ-ыг ардчилах үйл явц”-ад 90 тэрбум долларыг Оросын өөрчлөлт шинэчлэлийн олон нийтийн хороо, “Ардчилалд оруулах үндэсний хувь нэмэр”, “Криблагийн хүрээлэн” гэх зэрэг зуучлагч бүтцээр зуучлуулан зарцуулсан байна. Криблагийн хүрээлэн гэгч нь 1993 онд АНУ-ын тусгай албатай холбоотой хэмээн буруутгагадаж,, америкийн байгууллага нэрээр оршин тогтнохоо больсон түүхтэй аж.

ТТГ өнгөрсөн зууны 80-аад оноос гүний халхавчийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүний нэг гол зорилго нь гүний халхавчийн тагнуулчид АНУ-ын стратегийн хэрэгцээ сонирхлын тусын тулд халхавчаар суугаа улс орныхоо улс төрийн үйл явдалд нөлөөлөхөд оршиж байсан аж. Тэрхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гадаад улс орнуудын удирдагчдынх нь хүрээлэл,  төрийн гол гол байгууллага, түүний дотор хууль тогтоох болон бусад байгуулагуудад туршуулаар нэвтрэх, нөлөөллийн туршуулууд бий болгох зорилт дэвшүүлжээ.

АНУ-ын шинжээчид сонирхол татаж буй улс орныхоо удирдлага (ерөнхийлөгч, засгийн газар, парламентын гишүүд, чухал агентлагийн дарга, түүнчлэн фирм, корпорациийн удирдагч гм)-д нөлөөлөх нь америкийн аюулгүй байдал, хэрэгцээ сонирхлыг хангах хамгийн хямд төсөр, үр нөлөөтэй арга хэмээн үзэж байна. Тэднийхээр аливаа удирдагчдад гурван арга замаар нөлөөлж болох аж. Нэгд, дээд түвшний уулзалтыг ашиглах. Хоёрт, тэдний багт нөлөөллийн туршуулыг нэвтрүүлэх. Гуравт, шууд бусаар нөлөөлөх буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан өөртөө хэрэгтэй удирдагчийн үйл ажиллагааг магтан сайшаах, сурталчлах,өөртөө хэрэггүй удирдагчдын үйл ажиллагааг зориуд муучилж, гуйвуулах гэх зэрэг компанит ажлыг өрнүүлэх зэрэг болно.

Энэ бүхэн Зөвлөлтийн тусгай албаны анхаарлаас гадуур байж чадаагүй бололтой. 1991.06.17-нд тус улсын УАХХ-ны дарга Крючков ЗХУ-ын Дээд Зөвлөлийн хаалттай хуралдаанд “ЗХУ-ын иргэдээс нөлөөллийн туршуул бий болгох талаарх ТТГ-ын төлөвлөгөөний тухай” хэмээх илтгэл тавьжээ. Тэрээр илтгэлдээ ТТГ зөвлөлт нийгмийг задлан бутаргаж, социалист эдийн засгийг бусниулан доройтуулахын тулд Зөвлөлтийн иргэдийн дундаас нөлөөллийн  туршуулуудыг элсүүлэн сургаж,  улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны удирдлагын хүрээлэлд нэвтрүүлэхийг эрмэлзэж байна. Америкийн тагнуулын байгууллагын удирдлага ямар ч зардлыг үл хэрэгсэн ажил хэрэг, хувийн шинж чанараараа удирдах чухал албан тушаалд дэвших ирээдүйтэй хүмүүсийг судлан олж, ашиглах үйл ажиллагааг тодорхой чиглэсэн зорилготойгоор тууштай хэрэгжүүлж байна.  Тэхдээ ТТГ бие биесээ үл мэдэх нөлөөллийн туршуулуудыг ашиглан улс ардын аж ахуйд нууцаар зориуд саад бэрхшээл учруулах, төрийн дээд удирдлагын бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулах үйл ажиллагааг зохицуулан нэгдмэл удирдлагаар хангаж, Зөвлөлтийн эдийн засгийн хөгжлийг саатуулах, улс орны дотоодод хүндрэл бэрхшээл учруулах, байгаа бэрхшээлийг улам даамжруулах, шинжлэх ухааны эрэл хайгуул, шинжилгээ судалгааг мухардалд оруулах  зорилго агуулж байгааг тэмдэглэжээ.

Крючковын илтгэлд дурдсан мэдээлэл нь  тэр үед  АНУ-ын тусгай албадад нэвтрээд байсан УАХХ-ны найдвартай нууц эх сурвалжуудаас авагдсан тул үнэн бодитой байжээ. Тэр ч бүү хэл ТТГ-ын нөлөөллийн туршуулын сургалт дүүргэсэн Зөвлөлтийн иргэдийн нэрс ч тодорхой байсны дотор ЗХУ-ын КН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн  А.Н Яковлев нар байсан тухай Оросын нэг бус хэвлэлд өгүүлсэн нь бий. Нөлөөллиййн тийм туршуулуудын жагсаалтад ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайд агсан Эдуард Шевердназегийн нэр ч дурдагдаж байна. Эдуард Шевердназе 1990 оны 7 дугаар сард АНУ-д албан ёсны айлчлалаар очиж, Берингийн тэнгисээр хиллэдэг ЗХУ болон АНУ-ын хоорондох 1970-аад оны сүүлчээр тохиролцсон, эдийн засгийн бүсийн тухай гэрээнд гарын үсэг зурахдаа Зөвлөлтийн нутаг дэвсгэрээс 50 мянган км квадрад нутаг дэвсгэрийг АНУ-ын талд өгсөн байна. Тэрхүү “болгоомжгүйгээр алдсан” Зөвлөлтийн нутаг дэвсгэрийн хэсгийг АНУ-ын эргийн хамгаалалтынхан 1990 оны 7 дугаар сард хамгаалалтандаа авснаар асуудал дууссан агаад тэр цагаас хойш ОХУ жил бүр 150 мянган тонн үнэт төрлийн загас болон бусад үнэт баялгаа алдаж байгаа. Дээрх гэрээг хуучин ЗХУ-ын Дээд зөвлөл, одоогийн ОХУ-ын Төрийн Дум болон Холбооны зөвлөл   ч батлаагүй байгаа аж.

ХБНГУ болон НАТО-гийн бүх нууцад гүнзгий нэвтэрснээрээ алдаршсан тагнуулын албатай байсан, БНАГУ-ын тэргүүн агсан Эрих Хонеккер нас барахынхаа өмнө Шевердназе эх орноосоо урвасныг шууд зааж хэлсэн аж. Түүний өгүүлснээр “Шевердназе...Орос орныг олон улсын тавцан дээр бие даасан байдлаа алдаж, бүх зангилаа асуудлаар АНУ-ын дуулгавартай дагуул орон байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.”

Барууны хэвлэлд өгүүлснээр Шевердназе тэр бүхнийхээ төлөө Германы үйлдвэрчний эздийн холбоодоос Парис хотын баячуулын дүүрэгт гурван давхар, үзэсгэлэнтэй тансаг харш бэлгэнд авчээ. Тэр харш асар их шагналын мөсөн уулын дөнгөж өнгөц хэсэг нь бөгөөд Шевердназегийн үндсэн хөрөнгө, гол хадгаламж нь Хойд Америк болон Баруун Европын найдвартай банкуудад хадгалагдаж байдаг гэдэгт Барууны улс төрчид бүгд санал нэгтэй байдаг байна. Тэр бүх их хэмжээний шагнал урамшлын нууц эзэд нь тусгай албад болох нь мэдээж хэрэг.

Нөлөөллийн туршуул өнөө үед

Хүйтэн дайн үеэ өнгөрөөж, олон улсын уур амьсгал дулаарсан ч нөлөөллийн туршуулын ач холбогдол, үүрэг роль огтхон ч сулраагүй харин ч нэмэгдэх хандлагатай байна. Гадаадын тусгай албадаас тагнуулын үйл ажиллагаагаа улам идэвхижүүлэх, түүндээ нөлөөллийн туршуулыг өргөн ашиглахад дэлхийн улс орнуудын хооронд нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг соёл, хууль сахиулах, аюулгүй байдлын гэх зэргээр  харилцан хийгээд хамтран ажиллахгүй салбар үндсэндээ бараг байхгүй болж, иргэд хоорондын харилцаа ч шинэ шатанд гарсан нь маш тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгч байна.

Өнөө үед нөлөөллийн туршуулаар ажиллуулах  хүнийг сонгон олох, сурган бэлтгэж өөрийн хүн болгох, үйл ажиллагааг нь халхавчлахад дээрх нөхцөл байдал нөлөөлж байгаа хэдий ч түүнийг ашиглах мөн  чанар, агуулгад гүнзгий өөрчлөлт ороогүй байгаа ажээ. Гадаадын судлаач, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү нарийн төвөгтэй арга хэмжээнд туршуулаар элсүүлэх, нэвтрүүлэн оруулах гэх зэрэг туршуул бий болгох уламжлалт сонгомол аргаар огт ханддаггүй. Тийм болохоор тэднийг элсүүлэх, гарын үсгийг нь авах үйлдэл хийгддэггүй, тэдэнтэй нууц байранд уулздаггүй, тэдэнд нэг удаагийн даалгаврыг биелүүлснийх нь төлөө ялих шалихгүй урамшуулал ч өгөхгүй. Өөрөөр хэлбэл, нөлөөллийн туршуулыг яарч адгалгүй, удаан хугацааны туршид аажим аажмаар системтэй нөлөөлөн хүмүүжүүлж  бий болгодог байна. Тийм туршуулыг бусдад болон өөрт нь ажиг сэжиг ог төрүүлэхгүйгээр удаан хугацааны туршид сонгон судалж, төлөвшүүлж, өөрийн итгэлт дагуул болгодог.

Нөлөөллийн туршуулын тухай Оросын судлаач, туршлагатай тагнуулч И.Г. Атаманенко онож тэмдэглэхдээ, “Улс төрчид, төр нийгмийн зүтгэлтэн зэрэг, яваандаа хэрэг болох тийм онцгой нандин эх сурвалжуудыг сонгон олдог бөгөөд  дараа нь тэднийг ихээхэн хүлээцтэйгээр, хэт шахаж шавдуулалгүй тэтгэн дэмжиж, өөрийн болгож авах хэрэгтэй. Тусгай алба сонгож авсан обьекттойгоо удаан хугацаанд   уйгагүй явуулсан ажиллагааны үр дүнд л сая түүнийг нөлөөллиййн туршуул гэж үзэх боломжтой болдог. Тухайн этгээд гадаадын ямар нэг тусгай алба өөрийг нь онцгой нандин эх сурвалж хэмээн бүртгэж авсныг огт гадарладаггүй. Мэргэжлийн үг хэллэгээр бол үүнийг “харанхуйгаар” ашиглахад тохирох обьект хэмээн нэрлэдэг” гэсэн байна. Түүнийг тийнхүү сонгон түүнтэй нарийн дэс дараалалтай, тодорхой зорилго чиглэлтэйгээр нэн болгоомжтойгоор ажиллан өөрийн хүн болгон дасган төлөвшүүлэхэд хэдэн сараас хэдэн жил ч шаардагдаж болох аж. 

Капитализм мухардал, хямралд идэгдэж, социалист сургааль газар авч, социализмын нэр нөлөө  өндөр болж байсан тэр үед Барууны ирээдүйтэй, голдуу язгууртан гаралтай залуусын дундаас нөлөөллийн туршуул бий болгох өргөн боломж байсан бол социалист сургааль мухардалд орж, социалист систем нуран унаж, ардчилал зах зээлийн зам гол сонголт болсон нь АНУ тэргүүтэй Барууны улс орнуудын тусгай албадад  хуучин социалист гэгдэж байсан орнуудын иргэдээс нөлөөллийййн туршуулаа бий болгох нэн таатай боломж нөхцөлийг бүрдүүлээд байгааг судлаачид тэмдэглэсээр байна.

Хуучин социалист гэгдэж байсан орнуудын иргэдээс нөлөөллийн туршуул бий болгохын тулд Барууны тусгай албад тэдгээр улсын төр, захиргааны албан хаагчдын дундаас болон ирээдүйтэй улс төрч, эдийн засагч, үйлдвэрийн эзэд, эрдэмтэн, судлаачдад зориулсан элдэв төрлийн дамжаа, семинар гэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж, тэдний дундаас боломжтой хүмүүсийг сонгон судлах ажиллагааг идэвхтэй явуулж байгаа ажээ. Тийнхүү сонгон авсан, боломжийн хэмээн үзсэн хүмүүсээ мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалтад явуулж, өөрийн болгон дасгаж төлөвшүүлэн “боловсруулах” ажлаа үргэлжлүүлдэг байна. Тэгж сонголтод орох хүмүүсийн дотроос улс орныхоо улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад тухайн үеийн улс төрийн  нөхцөл байдлын эрхээр улс төрөөс түр хөндийрч, Баруунд очиж мэдлэг, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх, цаашдаа улс төрд эрчимтэй оролцох сонирхолтой шинэ үеийн залуус илүү их анхаарал татдаг ажээ. Оросын хэвлэлд бүр  20 гаруй жилийн тэртээ тэмдэглэснээр оросын иргэдийг тийнхүү элсүүлэн ашиглахдаа АНУ зэрэг Барууны тусгай албад тийнхүү мэргэжил дээшлүүлэгчдэд онцгой ач холбогдол өгч буй гэнэ.

Тийм хүмүүсийг сургах, тэдний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд шаардагдах зардлыг янз бүрийн олон улсын бага хурал, найрамдлын нийгэмлэг, олон улсын мэргэжлийн холбоод гэх зэрэг байгууллагын халхавчаар тусгай албад гаргадаг байна. Тэхдээ энэ асуудалд нэн болгоомжтой хандаж, тэднийг шууд худалдан авч байгаа гэдгээ мэдэгдэхээс болгоомжлон тэдгээр зардлыг нь уншсан хэмээх “сонирхолтой лекц”, бичсэн, нийтлүүлсэн хэмээх “сонирхолтой” өгүүлэл, номын хөлс болгон ихээхэн хэмжээний хатуу валютааар олгодог ажээ. ЗХУ-ын сөрөх тагнуулын алба энэхүү аргыг тухайн үедээ Морис Дежаныг урамшуулахдаа гар таталгүй хэрэглэж, олон улсын нөхцөл байдлын талаар Зөвлөлтийн хэвлэлүүдэд түүний нийтлүүлсэн хэмээх өгүүлэл, материалуудынх нь хөлс болгон асар их хэмжээний хатуу валютын шагнал олгож байжээ. 

Орчин үед нөлөөллийн туршуулын хүчирхэг сүлжээ байгуулж ашиглахыг оролдохгүй гадаадын тусгай албад ховорхон биз.  Жишээлбэл, Израилийн Моссадын  хилийн чанад дахь товчлогчийн байгууллагууд цөөхөн ажилтантай боловч суугаа орныхоо еврейчүүдийн дотроос нөлөөллиййн туршуулуудыг бий болгож ашиглах үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Тэдгээрийн бүрэлдэхүүнд суугаа орны төрийн нууцтай харьцдаг болон бусад чухал албан тушаалтнууд, томоохон банк, фирмийн эздээс гадна жирийн албан хаагчид ч  бий ажээ. Тэд иргэн нь болсон улс орондоо Израилийн ашиг сонирхлыг лоббидохдоо аль хэдийнэээ Моссадын туршуул болсноо мэддэхгүй байж ч болох аж.

Олон Нийттэй Харилцах, Америк дахь Израилийн Хороо (The American Israel Public Affairs Committee-AIPAC) болон Пентагоны дунд түвшний цөөнгүй албан хаагч Израиль улсад АНУ-ын нууц мэдээллийг дамжуулахыг оролдсон гэх хэрэг явдал дуулиан дэгдээж байсан.

Израилийн Ерөнхий сайд асан Ариель Шэрон тусгай албадаа ашиглан АНУ-ын эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлөх замаар Бушийн засаг захиргааг Ирактай дайн хийх шийдвэр гаргуулах нууц ажиллагаа явуулсан гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) мөрдөн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны зорилго нь дээр дурдсан дайныг хийх болсон шалтгааныг бус, харин  АНУ-ын Ойрхи Дорнодын талаарх бодлогод нөлөөлөхийн тулд Шэрон америкийн эрх бүхий албан тушаалтнуудыг элсүүлэн ашигласан эсэхийг тогтоох явдал байсан ажээ. 

Уг ажиллагааныхаа хүрээнд ХMТ Пентагон болон Цагаан ордонд хийгээд Дэд ерөнхийлөгч Чинэй(Cheney)-гийн ажлын албанд өндөр  алба хашдаг неоконсерватив бүлгийнхийг бүгдийг нь мөрдөн шалгасан байна. ХМТ-ныхон дээрх  албан тушаалтнууд бүгд Израилийг дэмжигчид байгаагүй ч зарим нь Шароны Ликуд намын зохион байгуулсан нууц ажиллагааны хамсаатан байхыг үгүйсгэхгүй гэж үзсэн аж. Тэд Ж.Бушийг дайн хийхэд хүргэсэн Батлан хамгаалах яамны иргэний албан хаагчдаас эхлээд баруун жигүүрийн, Бодлогын судалгааны төв (think thank)-ийн судлаачдын үзэл бодол нэгтний сүлжээг байгуулсан ажээ.

Мөрдөн ш,алгах ажиллагааны хамгийн гол сэжигтэн нь Батлан хамгаалахын сайдын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Дуглас Фэйт (Douglas Feith, Under Secretary of Defense for Policy) болон  Пентагоны Бодлого судалгааны төви,йн Харол Рөд (Harold Rhode, the Pentagon’s Offi,ce of Net Assessment-think tank) нар байсан гэнэ.

Энэ хэрэг явдал нь  АНУ-ын төрийн зарим өндөр албан тушаалтан(ихэнхи нь еврейчүүд) Шэроны талд ажилладаг байсан байж болохыг дэлгэсэн хамгийн том үйл явдал байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Дээрх  хүмүүсийн дотор Фэйтээс гадна улс төрийн нэлээд эрх мэдэлтнүүд байсан бөгөөд тэднийг Шэроны Тусгай төлөвлөгөөний газрын (Office of Special Plans) үндсэн бүрэлдэхүүн нь байсан гэж үздэг байна. ХМТ дээрх мөрдөн шалгах ажиллагааныхаа явцад Фэйтийг Ерөнхийлөгчийн Ираны асуудлаархнууц материалыг Израильд дамжуулахыг оролдсон хэргээр баривчлан шалгаж, түүний жинхэнэ нэр нь Ларри Франклин болохыг  тогтоож чаджээ.

Тусгай төлөвлөгөөний газар нь Иракийн зүгээс учруулж болох аюул заналыг зориуд хэтрүүлсэн тагнуулын мэдээлэл боловсруулж хүргүүлдэг байсан тухай ихээхэн шуугиан дэгдэж байсан нь ч бий.Тусгай төлөвлөгөөний Газрыгүндэслэгчид гэгддэг Франклин, Майкл Малуф болон Рөд нар Америкийн Аж үйлдвэрийн Институтэд ажилладаг Майкл Лийдэний хамт Ром болон Парист Ирак, Иран, Сирийн дэглэмийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэх Пентагоны санаачлагыг 2001 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болсон гэдэг. Гэтэл ТТГ Ромд болох уулзалтын талаар олж мэдээд  Франклин, Майкл Малуф, Рөд болон Майкл Лийдэн нарыг мөрдөн шалгах хүсэлтийг ХМТ-нд тавьсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүсийг бүгдийг нь Ариэль Шаронтой холбоотой болохыг тогтоож чадаагүй ч гэсэн тэдний заримыг нь АНУ-ын төрийн нууцыг бусад оронд дамжуулахыг оролдсон гэх үндэслэлээр ялласны дотор АНУ-аасТель-Авивд суугаа ЭСЯ-нд Пентагоныг төлөөлж байсан ажилтан Ларри Франклиныг Израиль эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар АНУ-ын төрийн нууцыг задруулж байсан гэх зэрэг жирийн хэрэгт яллан дээрх дуулианыг намжаасан байна.

Харин Израилийн Ерөнхий сайд асан Ариэль Шэрон дээрх хэрэг явдлыг тайлбарлахдаа, Пентагоны удирдлагыг унагах гэсэн дотоодын зөрчилдөө АНУ-ын улс төрийнхөн Израиль улсыг оролцсон мэт болгох гэсэн оролдлого хэмээн мэдэгдэж байсан бол зарим судлаачид тэрхүү хэрэг явдал нь Америкийн эрх баригчдын зарим бүлгийнхэн Иракийн эсрэг явуулсан цэргийн түрэмгийллээ бусад улс оронд нялзааж, өөрсдөө “уснаас хуурай гарах” нэг арга юм гэдэг билээ.

Хятадын тусгай албад ч энэ чиглэлээр муугүй ажиллаж байгаа бололтой. Австралийн  Хөдөлмөрийн намаас сонгогдсон парламентын гишүүн Майкл Данбигийн үзэж буйгаар Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн хөрш орнууд дахь Хятадын улс төр, эдийн засгийн нөлөө нэмэгдэхийн хэрээр “Коминтерн” хэлбэрийн үйл ажиллагаа нь өргөжиж байгаа ажээ. Хятадын КН-ын Төв хорооны Нэгдсэн фронтын ажлын алба гэх байгууллага нь бусад орны улс төрч, өндөр албан тушаалтнуудтай хамтран ажиллахын зэрэгцээ хятадын нийгэмлэг, төрийн бус байгууллага, оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хятадын хэл, соёлыг судлах, сурталчлан үйл ажиллагааг хөиүлэн дэмжиж санхүүжүүлдэг байна. Австраль дахь Хятадын төрийн бус байгууллага, нийгэмлэгүүдийн 90 гаруй хувь нь тухайн муж, хот дахь Хятадын консулын газартай шууд холбоотой ажилладаг гэнэ. Өөр орны, эсвэл өөр байгууллагын халхавчаар үйл ажиллагаа явуулдаг Америк маягийн гүний туршуулын сүлжээг Хятадын тал сүүлийн жилүүдэд ашиглах болсоныг Австралийн засгийн газар мэдээлжээ.

Нөлөөллийн туршуул нь эзэлж буй өөрийн байр суурь, ажиллах арга, хэлбэрийн хувьд маш олон янз юм. Тэдний нэлээд нь улсынхаа  хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх  эрх мэдлийн байгууллага болон эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн салбар дахь албан тушаалын байдлаа ашиглан телевизээр ярих, мэдээллийн янз бүрийн хэрэгсэлд ярилцлага өгөх, өгүүлэл нийтлүүлэх зэргээр нууцаар хамтран ажиллаж байгаа орныхоо буюу бусдын ашиг сонирхлыг үнэмшил бүхий үндэслэл, халхавчаар ямар ч ажиг сэжиг үл төрүүлэхүйцээр хамгаалахдаа өөрийн эх орны төлөө зүтгэж байгаа юм шиг дүр эсгэдэг. Түүний тэдгээр нууц зүтгэл чармайлт нь бүтэлгүйтвэл мэдлэг, чадвар, ойлголтынх нь буруу зөрүүтэй байдал зэргээс болсон мэтээр сэжиг төрүүлэхгүйгээр “уснаас хуурай гарах”  боломжтой.

Дээр өгүүлснээс үзвэл, нөлөөллийн туршуул гэж нийгэмд эзэлж буй байр суурь, албан тушаалынхаа байдлыг ашиглан тухайн орны нийгэм, улс төрийн болон бусад бодлого, чухал ач холбогдол бүхий тухайн үеийн үйл явдлын өрнөл, хөгжилд болон иргэд, нийгмийн тодорхой бүлгийн идэвхтэй хэсэг, түүнчлэн олон ниййтийн мэдээллийн хэрэгсэл, нөлөө бүхийн нам, улс төрийн хүчин, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд, нууцаар хамтран ажиллагч орныхоо тусын тулд идэвхтэй нөлөөлөх үүрэг гүйцэтгэгч тэр улсын тагнуулын албаны тусгайлан судалж бэлтгэсэн онцгой нууц туршуулыг хэлдэг байна.

Тийм туршуул ихэвчлэн өөрөө шууд шийдвэр гаргадаг, нэгдүгээр зэргийн хүн биш боловч түүний ард байж, түүнд нөлөөлөх бололцоотой хоёр дахь буюу улс төрийн бодлогын “сүүдэрт” байдаг этгээд ч байх нь цөөнгүй. Тэгснээрээ өөрөө шууд удирдаж захирч шийдвэр гаргахгүй ч гэсэн өөрийнхөө  удирдлагыг нууц эзэддээ ашигтай бодлого, шийдвэр гаргахад нь нөлөөлж итгүүлж байдаг. Тийм байдалд байх нь түүний нууцлалыг хангахад ч ихээхэн ашигтай юм.

Нөлөөллийн туршуулаар сонирхол татаж буй албан тушаалтны зөвлөх зэрэг хүмүүсээс гадна туслах, дотно найз нөхөд, тэр ч битгий хэл, нарийн бичгийн дарга, гэр бүлийн нөлөө бүхий гишүүнийг ч ашиглах бололцоотой юм. Албаны хийгээд хувийнхаа ажил хэрэг, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд  бид хэнийг ашиглахаа боддог шиг тагнуулын зорилгод ч тийм байдлаар хандаж болохыг үгүйсгэх аргагүй.

Эрүүгийн нөлөө бүхий буюу дуулиантай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлгүүлэх зорилгоор хууль сахиулах байгууллагад нөлөөлөхийн тулд нэр нөлөө бүхий сэхээтэн, эрдэмтэн мэргэдийг нөлөөллийн туршуулаар ашиглах тохиолдол ч байдаг байна.

Нөлөөллийн туршуул ашиглах тусгай албадын практикийг   өнөө үед гадаадын хувь нийлүүлсэн компаниуд, хөрөнгө оруулагчид өргөн ашиглах болоод байгаа аж. Тэдгээрийн нөлөө бүхий цөөнгүй ажилтан, ялангуяа удирдлагын дээд шатанд ажиллагсад нь ихэвчлэн компани байгаа орны иргэд байдаг учраас тэднийг аажмаар гартаа оруулах аргыг хөрөнгө оруулагчид, түүний цаана байгаа гадаадын тусгай албад элдвээр санаачлан хэрэгжүүлж, өөрийн хүн болгох ажлыг бодлогоор хэрэгжүүлдэг байна. Эдийн засгийн томоохон асуудлаар хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр удаан хугацаанд хийх хэлэлцээрийн явцад түүнд нөгөө талаас оролцогчдыг судалж, худалдан авах, улс төрийн дэмжлэг үзүүлэхээр амлаж хэрэгжүүлэх зэрэг элдэв төрлийн арга заль мэх хэрэглэн өөрийн талд  ашигтай гэрээ байгуулахад гадаадын тусгай албад оролцох явдал ч цөөнгүй байгаа ажээ. Тэгж ашиглагдсан этгээд гадаадын хөрөнгө оруулагч болон түүнд нууцаар тусалсан тусгай албадын дуулгавартай нууц зарц буюу нөлөөллийн туршуул болж хувирдаг байна.

Товч дүгнэлт

Тийнхүү өнөө үед нөлөөллийн туршуул ашиглах нь гадаадын тусгай албадын нууц операциудын хамгийн чухал, ихээхэн үр нөлөө  бүхий нэг хэсэг болоод байгаа бөгөөд түүнийг тэд манай орны нөхцөлд хэрхэн ашиглаж байгааг судлан тогтоож, түүнтэй үр өгөөжтэй тэмцэх арга замыг боловсруулан ашиглах явдал ТЕГ-ын хамт олны тулгамдсан зорилтын нэг болоод байна.

Доктор, профессор М.Цогтоо

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү