Хятад хэлээр “5-р сарын 20” гэдэг үг “хайртай шүү” хэмээх үгтэй төстэй дуудлагатай учраас Хятадын интернет ашиглагчид энэ өдрийг цахим эрин үеийн хайр сэтгэлээ илчлэх баяр болгон тэмдэглэдэг болсон юм. Хятадад шинээр дэлгэрч буй энэ баяраар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нарын хайр сэтгэлийн тухай товч өгүүлье.
Ээж аавыгаа өргөн ачилж, эхнэр хүүхдэдээ өмөг болох нь гэр бүлийн аз жаргалын хамгийн чухал нь гэж Ши Жиньпин үздэг. Тэрээр гэргий Пэн Ли-Юантайгаа сэтгэлээ холбож, ханилан сууснаар ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн “хайртай хос”-ын үлгэр жишээ болсон.
Ши Жиньпин Пэн Ли-Юань нар 1987 оны 9-р сард гэрлэсэн ч хурим найр хийсэнгүй. Хамт олон, дотны нөхдөө урьж, даруухан зоог барьсан байна. Түүний өмнөхөн баярын чихэр худалдан авч, ойр тойрныхондоо тараасан гэдэг. Хоёр биенээ хайрлан, хослон суухдаа хэн хэн нь сэтгэл хангалуун байвал, үүнийг л жинхэнэ аз жаргал гэх биз ээ.
Ши Жиньпин удирдах ажил хийдэг учир гэрлэснээсээ хойш үргэлж гадагш томилолтоор явдаг байлаа. Пэн Ли-Юань ч армийн нэртэй дуучин учраас байнга аялан тоглолтод оролцдог. Тэд үргэлж хамт байж чадахгүй ч хэн хэнийгээ сэтгэлдээ тээж явна. Ши Жиньпиний ажиллаж байсан Фүжянь муж өвөлдөө хүйтэн учраас Пэн Ли-Юань түүнд гараа гарган хөнжил оёж өгч байлаа. Харин Пэн Ли-Юанийг Төв телевизийн сар шинийн үдэшлэгт оролцоод ирэхэд Ши Жиньпин баншаа чимхээд хүлээж суудаг байжээ.
Тэд гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсныхоо дараа, хүүхдээ эрхлүүлэлгүй, харин маш хатуу чангаар сургажээ. Охиндоо “чигч шударга” хүн болохыг бэлгэдэж “Минзэ” гэдэг нэр хайрласан гэдэг.
Ши Жиньпин удирдах албан тушаалд томилогдсоныхоо дараа олон арга хэмжээнд гэргий Пэн Ли-Юаньтайгаа хамт оролцох болов. Тэдний халуун дулаан харц, үйл хөдлөл бүр нь хайраар гагнагдсан байдаг учраас хүмүүс тэднийг “Ши агаа”, “Пэн аниа” хэмээн дотночлон дуудаж “аргагүй л заяаны хань юм даа” гэлцэх болжээ.