Гүнж Элизабет (Хатан хаан II Элизабет), 1947
Элизабетийн даашинз мөнгөн утсаар цэцгэн хатгамлууд хийж оёж, сувдаар чимэглэсэн байсан бөгөөд 4 метр урт хормойтой байв. Элизабет өнгөрөгч 2017 оны 11 дүгээр сарын 20-нд хунтайж Филиптэй гэрлэсний 70 жилийн ой буюу цагаан алтан хуримаа хийсэн юм. 70 жил хамтдаа амьдарсан энэ амьдрал дэлхийн түүхэн дэх хааны угсааны хамгийн урт гэрлэлтээр бичигдсэн.
Грейс, Монакогийн гүнж, 1956
Америкийн жүжигчин Грейс Келли Монакогийн хунтайж III Райниертай гэрлэхэд хуримын даашинзийг нь “Metro-Goldwyn-Meyer” кино студийн хувцас дизайнер Хелен Рос урласан юм.
Хуримын дараа Грейс Монакогийн гүнж болсон бөгөөд түүний хуримын даашинз одоог хүртэл олон сүйт бүсгүйчүүдийн урам авдаг хуримын даашинзны загвар болсоор байна.
Диана, Уэльсийн гүнж, 1981
Диана гүнжийн хуримын даашинз дэлхийн хамгийн алдартай хуримын даашинзын нэгээр түүхээс хэзээ ч мартагдахгүй.
Даашинзийг тухайн үед тийм ч их олонд танигдаагүй дизайнерууд болох Дэвид Эмануэль болон Элизабет Эмануэль нар бүтээсэн юм. Даашинзинд 10 мянган сувд орсон агаад хормой нь бараг 8 метр урт байв.
Гүнж Раниа (одоо Иорданы хатан хаан), 1993
1993 онд хунтайж Абдулла эгэл жирийн охин Раниатай гэрлэсэн. Абдулла одоо бол Иорданы хаан II Абдулла билээ. Раниа манай цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, стильтэй хатан хааны нэг бөгөөд хуримлахдаа Иорданы уламжлалт хуримын хувцас өмсөлгүй алтаар чимэглэсэн тансаг даашинз өмссөн юм.
Испанийн хатан хаан Летисиа, 1998
Сэтгүүлч Летисиа Ортиз хунтайж Астуриас Филип (одоо Испанийн хаан VI Филип)-тэй хуримлахдаа 4 метр урт хормойтой цасан цагаан өнгийн торгон даашинз өмссөн.
Сара, Брунейн угсаа залгамжлах гүнж, 2004
Сара Саллек 2004 онд хунтайж Аль-Мухтади Билл Болкиахтай гэрлэсэн. Тухайн үед сүйт бүсгүй 17-той, хүргэн болох эр 30 настай байв. Хуримын үеэр Брунейн хаан ширээнд суух эрхтэй титэмт гүнж Сара алтаар чимэглэсэн уламжлалт хэв маягийг шингээсэн цэнхэр даашинз өмссөн.
Камилла, Корнваллийн ахайтан, 2005
Хунтайж Чарльз, Камилла Паркер Бовлестай 35 жилийн харилцаагаа албан ёсоор зарлаж хувь заяагаа холбосон. Хурим дээр Камилла алтан утастай оливийн цэнхэр өнгийн даашинзаар гоёсон.
Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа, 2010
Гүнж Викториа элдэв чимэглэлгүй тансаг даашинзаар гоёж, Шведийн хааны гэр бүлийн гол бэлэг тэмдгийн нэг болох сувдаар чимэглэсэн том титэм тэргүүндээ залсан.
Катерин, Кэмбрижийн ахайтан, 2011
Катерин Британийн дээдсийн гэр бүлийн олон зууны уламжлалыг хадгалсан хуримын даашинз сонгосон. Урт хормой, гивлүүр болон сонгодог хэв загвар бүхий олон зууны турш хүндтэй байр сууриа алдаагүй ийм загварын даашинзиндаа англи сарнай, шотланд хонгорзул, уэльс шар нарцисс, ирланд айргана гэсэн Их Британийн цэцгийн бэлэг тэмдгүүдийг шигтгэжээ.
Бутаны хатан хаан Жетсун Пема Ванчук, 2011
Жетсун бол Бутаны 5 дугаар хаан Жигме Хесар Намгиал Ванчукийн гэргий юм. Тэд 2011 оны 10 дугаар сарын 13-нд гэрлэсэн бөгөөд хурим буддын ёслолын дагуу болсон. Тэднийг “Гималайн Кейт, Уильям” гэх нь бий.
Чарлене, Монакогийн гүнж, 2011
Гүнж Чарлене цэцгэн хатгамлууд бүхий зааны ясан цагаан өнгийн Жиоржио Арманигийн даашинз өмссөн. Мөр нь ил гарсан уг даашинз 5 метр урт хормойтой ч үүнийг хийхэд 80 метр урт торго, 50 метр урт сатин даавуу, 40 мянган ширхэг сваровски шигтгээ, 20 мянган ширхэг сувд оржээ.
Клэйр, Люксембургийн гүнж, 2013
2013 оны 9 дүгээр сарын 21-нд Люксембургийн хунтайж Феликс, Клэйр Ладемачер хэмээх эгэл жирийн охинтой гэрлэсэн. Сүйт бүсгүй Клэйр “Elie Saab”-ийн тун тансаг даашинзаар гангарсан.
Меган, Сюссексийн ахайтан, 2018
2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө Британийн хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Марклтай хуримласан бөгөөд хуримын ёслолд Харри Сюссексийн гүн, түүний ирээдүйн эхнэр Меган Маркл Сюссексийн гүнгийн эхнэр гэсэн цол хэргэмийн дор гэрлэв. Меган 5 метр урт тансаг зэрэглэлийн даашинзаар гоёсон бөгөөд түүний даашинзийг Францын алдарт Гивенши (Givenchy) загварын ордны бүтээгдэхүүний захирал, британи дизайнер Клэйр Вэйт Келлер загварыг нь гаргаж бүтээлгэсэн байна.