Эрт дээр үед хүмүүст зайнаас нөлөөлөх мэдлэгийг зөвхөн бөөгийн тусгай давхаргынхан болон шашны мяндагтнууд л эзэмшиж байв. Эдгээр “сонгогдсон” хүмүүс тухайлбал, пирамид хүнд ямар нөлөө үзүүлдэг, түүнээс хэрхэн хамгаалахыг маш сайн мэддэг байжээ. Эртний олон улс орнуудын ард түмэн толгойдоо металл зүүлт өмсдөг байсан нь хувцас өмсгөлийн зайлшгүй нэг хэсэг болдог байсан боловч энэ нь сүүлдээ зөвхөн хааны титэм хэлбэрээр үлдсэн юм. Толгойн металл цагираг өмсгөл бол тархийг цахилгаан соронзон цацруулалт болон сөрөг энергийн бусад үйлчлэлээс хамгаалдаг байсан нь илэрхий байгаа. Мөн сүм хийд болон хаад ноёдын ордонд байдаг ердийн биш органик бодис болох хуваар бүрхсэн ханатай том жижиг өрөөнүүд нь тугалган ялтаснууд радиацаас хамгаалдагийн нэгэн адил сөрөг энергийн бусад үйлчлэлээс хамгаалдаг ажээ.
Хүний тархи, далд ухамсарт нөлөөлөх олон төрлийн аргыг эрт дээр үеэс ашиглаж ирсэн. Хүй нэгдлийн үед овгийн удирдагч нар бөмбөрийн онцгой дэлдэлт хийдэг байсан бол хожим ийм үйлдлийг ариун судар, мөргөлийн уншлага, тарни орлох болсон.
Харин өнөө үед шинжлэх ухааны хөгжлийн ололтыг ашиглан техникийн хэлбэрээр далд ухамсар болон тархинд үйлчлэн нөлөөлөх болжээ.
Амьд организмын эд эсүүд нь нэмэх ба хасах гэсэн хоёр туйлтай цахилгаан цэнэг бөгөөд энэ нь физикийн хуулийн дагуу тодорхой давтамжтай цахилгаан соронзон долгионыг цацруулж мөн хүлээн авдаг ердийн хэлбэлзэгч хэлхээ гэдгийг Оросын эрдэмтэн Б.Бехтеров, Б.Кажинский, А.Козлов нар туршилтаар тогтоосон байдаг. Хүний биеийг цахилгаан соронзон систем гэж авч үзсэнээр эрдэмтэд хүний тархинд цахилгаан соронзон импульсээр нөлөөлөн зан төлөвийг нь өөрчлөн удирдах төдийгүй бие организмын хэвийн үйл ажиллагаанд хүртэл нөлөөлөх боломжтой болсон байна.
Хүмүүс дээр анхны өргөн хэмжээний туршилтыг ЗХУ-д ч, АНУ-д ч хийгээгүй. Психотроникийн технологийн өлгий нь нацист Герман байлаа. Нацист Германы СС-ийн бүрэлдэхүүнд багтаж уураг тархи нь болж байсан Аненербэ буюу “Өвгөдийн өв залгамж” гэсэн нууц байгууллагад ажиллаж байсан дээд зэргийн физикчид тарни, тахилгын зан үйлийг хүний био орон зайтай холбон судалж байжээ. Аненербэ-гийн эрдэмтэд эртний руни үсгээр бичсэн хүснэгтийг тайлан уншсаны үр дүнд пси-генераторыг бүтээсэн нь одоогийн торсион буюу хуйларсан талбайн генератор байсан юм. Гагцхүү ийм “орон” байдаг гэдгийг ердөө 1960-аад оны үед л шинжлэх ухаан албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. СС-ийн нууц лабораториуд, хорих лагериудад харь улс, ард иргэдийг үг дуугүй захирагдах боол болгох, удирдлагадаа асар их итгэж найддаг “жинхэнэ ари үндэстэн”-г бий болгох зэрэг төрөл бүрийн судалгаа явуулж байжээ. Энэ нууц хүрээлэнд тухайн үеийн Германы шинжлэх ухааны 50 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн багтаж байлаа.
Дайны дараа АНУ-ын тусгай албаныхан гуравдугаар Рейхын энэ чиглэлээр ажиллаж байсан 600 гаруй эрдэмтнийг аваачин “Clipper” буюу “Хавчаар” төслийг эхлүүлсэн байна. Эдгээр эрдэмтдийн хийсэн боловсруулалт нь ТТГ-ын хэрэгжүүлж байсан алдарт “МК-Ультра” төслийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Харин ЗХУ-д энэ чиглэлийн онолын судалгааны асар их буюу 60-аад вагон маш нууц баримт материал олзлогдсон байна. Чухамхүү ийм учраас өнгөрсөн зууны 60, 70, 80-аад онуудад ЗХУ-д парапсихологи, психотроник, нууц-далд ухаан судлалын судалгааны ажил
АНУ-аас илүү хөгжиж бас техник технологийн боловсруулалтаар түрүүлж байсан нь олон баримтаар нотлогддог.
Хүний сэтгэцэд зайнаас нөлөөлж удирдах хүсэл сонирхол тусгай албадад аль эртнээс байсан ч чухамхүү ХХ зуунд л энэ зорилгодоо хүрэх шинжлэх ухаан, техник технологийн бодит боломжтой болжээ. ЗХУ, АНУ, Израиль, Япон, Хятадын тусгай албадын зүгээс энэ маш нууц судалгааны ажилд ихээхэн анхаарч, асар их хөрөнгө, хүч зарцуулж байгаа тухай материал интернэтэд хааяа гарч төдөлгүй байхгүй болдог. Харин бие даасан судлаачдын бичсэн номнуудад (ном зүйд бичсэн) өнгөрсөн зууны үед хэрэгжүүлж байсан нууц туршилтуудын тухай өгүүлсэн нь бий.
Энгийн иргэдийн хувьд психотроникийн болон парапсихологийн салбарын асуудал төдийлөн ойлгомжгүй байдаг, тэр хэрээрээ хүний сэтгэцэд хүрч нөлөөлөх, түүнийг зайнаас удирддаг тухай мэдлэг мэдээлэл тун ч хомс юм. Ийм төрлийн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бараг гардаггүйг тооцон үзвэл хүмүүсийг энэ асуудлаас зориудаар хол байлгах гэсэн гадаадын тусгай албадын далд санаа бодол байж болзошгүй. Хэрэв өндөр технологийн (пси-технологийн) золиос болсон гэж хэн нэгэн мэдэгдвэл түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөн болгодог туршлага нэлээд байдгийг баримт өгүүлнэ.
1970 онд ЗХУ-ын УАХХ, АНУ-ын ТТГ-ын хооронд “Цэрэг дайны психотроникийг хамтран хянах тухай” нууц гэрээ байгуулагдсан, 1960, 1970-аад онуудад ТТГ-аас хүний тархи угаах, удирдах, зомбичлох зорилготой хэд хэдэн хөтөлбөр, тухайлбал “Хавчаар”, “МК-Ультра”, “Хөх шувуу”, “ХААРП” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байсан, ЗХУ-д мөн л ийм зорилгоор “ШААР” тусгай хөтөлбөрийн хүрээнд тусгай генератор, тоног төхөөрөмж болох Лава-1, Градиент-4 зэргийг бүтээсэн бол ОХУ-д эрдэмтэн И.Смирнов “Сэтгэлийн мэс заслын хутга” гэгдэх хүний тархины гүнээс бодол санаа мэдээллийг шууд уншдаг бүхэл бүтэн боловсруулалтын технологи зохион бүтээж үйлдвэрлэн өвчтөнийг албан ёсоор эмчилэхэд төдийгүй гэм зэмгүй хүмүүс дээр туршиж байсан тухай олон баримтуудыг дараагийн нийтлэлүүдэд цувралаар бичих болно.
2012 оны 4-р сард “Вся Россия”, “Российская газета” сонинуудад “Орос улсын Батлан хамгаалах хөтөлбөр-2011-2020 он”-ы тухай материал нийтлэгдсэн. Уг хөтөлбөрт Орос улс физикийн шинэ зарчим дээр үндэслэгдсэн цоо шинэ төрлийн зэвсгийн боловсруулалтыг хийх болно гэжээ. Уг асуудалтай холбогдуулан В.Путин 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр: “Хүчтэй байх нь ОХУ-ын хувьд үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн” гэсэн нийтлэл гаргасан бөгөөд үүндээ дайн явуулах уламжлалт арга хэлбэрүүдээс гадна мэдээллийн дайны шинэ төрөл хэлбэр болох физикийн шинэ зарчим дээр үндэслэгдсэн зэвсгийн боловсруулалтыг эхлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байдаг.
Оросын БХЯ-ны сайд асан А.Сердюков 2012 оны 4-р сард: “... лазерийн, хурдасгуурын, дуу авианы, цахилгаан соронзон, радио давтамжийн, геофизикийн болон генийн зэвсгийн төрлүүдийг боловсруулах ажил зэвсэгт хүчнийг 2020 онд хүртэл шинэчилэх хөтөлбөрийн хэсэг болж байгаа юм” гэж мэдэгдэж тодорхой санал боловсруулж хөтөлбөр хэрэгжүүлэх үүргийг “Хэтийн ирээдүйн батлан хамгаалах ШУ-ны судалгааны боловсруулалтын агентлаг” гэсэн шинэ байгууллагад өгчээ.
Хөтөлбөрт заасан зорилтууд хэрэгжиж тодорхой үр дүнд хүрч эхэлснийг саяхан В.Путин өөрийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Сармат”, “Авангард” гэх мэт зэвсгийн цогцолбор болон цахилгаан соронзон болон хэт өндөр авианы зэвсгийн талаар мэдээлснээр батлагдаж байна.
Дээрх мэдээллээс харахад гадаадын арми, тусгай албад “дайн” явуулах уламжлалт арга хэрэгслүүдийн зэрэгцээ уламжлалт бус шинэ төрлийн арга хэрэгслийг судлах ажлыг аль хэдийнээ эхэлсэн гэж үзэж болохоор байна. Энд яригдаж буй асуудал нь зөвхөн цэрэг дайны асуудал биш, харин ч тусгай албадын зүгээс маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа чиглэл гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Дайн явуулах уламжлалт бус арга хэрэгслүүд
Өнөөдөр ихээхэн анхаарал тавьж байгаа дайн явуулах уламжлалт бус арга хэрэгсэлд үндсэн хоёр чиг хандлага байна. Үүнд:
- физикийн шинэ зарчим дээр үндэслэгдсэн зэвсэг боловсруулах,
- үхлийн хөнөөлгүй хэрэгслүүдийг улам боловсронгуй болгон хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх зэрэг болно. Энэ төрөлд цахилгаан бороохойноос эхлээд агаарт түргэн зуур хатдаг хөөс, үмхий үнэртэй хий, хоромхон хугацаанд саажуулдаг хий, хүн нэг бүрийн хамгаалалтын хэрэгслүүд орно.
Дайн явуулах уламжлалт бус арга хэрэгслүүд нь химийн аюултай бодисууд, биологийн эм бэлдмэл, цацраг туяаны энерги, богино долгионы цацруулалт, инфра авианы хэлбэлзэл зэргээс гадна мөн байгалийн аюултай үзэгдэл дээр тулгуурладаг байна. Энэхүү үзэл санаа нь тогтсон жишиг ёсоор маш энгийн боловч эдгээрийг зэвсэглэлийн бодит загварт оруулах нь зөвхөн ШУ-ны хавсарга төдийгүй мөн суурь судалгаа явуулахтай холбоотой байдаг юм. Одоо дайн явуулах уламжлалт бус арга хэрэгслүүдийг авч үзье.
Физикийн шинэ зарчим дээр үндэслэгдсэн зэвсэг
Зэвсгийн энэ хэлбэр нь чанарын хувьд цоо шинэ эсвэл өмнө нь ашиглаж байгаагүй физик, биологи болон мэдлэгийн шинэ хүрээний ололтууд дээр тулгуурласан техникийн шийдэл, үйлчлэлийн бусад зарчмууд дээр үндэслэгддэг. Өнөөдөр физикийн шинэ болон бусад зарчмууд дээр тулгуурласан зэвсэг нь зэвсгийн уламжлалт хэлбэрийг нэмж баяжуулж байна гэж үзэж болно. Алсдаа үүний хамрах хүрээ нь өргөсч үр ашигтайгаар хэрэглэгдэх чинээгээр цөмийн зэвсгийг оролцуулан одоо байгаа зэвсгийн ямар ч хэлбэрээс илүү үр ашигтай, зохимжтой зэвсэг болох юм. Одоо үед энэ зэвсэгт:
- цацрагийн зэвсэг,
- долгионы зэвсэг,
- геофизикийн зэвсэг,
- генийн зэвсэг,
- психофизикийн зэвсэг орно.
Зэвсгийн дээрх хэлбэрүүдийг “Шууд бус хөнөөх зэвсэг” гэж нэрлэдэг. Энэ нь янз бүрийн хэлбэрийн цацруулалт, биохимийн хэрэгслүүд болон аппаратур, компьютерийн технологийн нэгдэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл амьд объектуудын ухамсар, физиологи, генетик болон электрон техник тоног төхөөрөмжид үйлчлэн нөлөөлөх чадвартай зэвсэг ажээ.
1. Цацрагийн зэвсэг
1.1. Лазерийн зэвсэг
Лазерийн зэвсэг гэдэг нь өндөр энергийн лазерийн цахилгаан соронзон цацрагийг ашиглан, чиглэгдсэн энерги дээр үндэслэгдэн хийгдсэн зэвсэг юм. Энэ хэлбэрийн хөнөөх үйлчлэл нь үндсэндээ “бай”-нд үйлчлэх термомеханикийн болон импульсийн цохилтын үйлчлэлээр тодорхойлогддог. Лазерийн цацрагийн эх үүсвэр нь оптикийн мужийн (диапазон) цахилгаан соронзон энергийн маш хүчтэй цацруулагч болох квантын болон лазерийн генератор байдаг. Лазерийн цацралтын хөнөөх үйлчлэл нь түүний урсгалын нягтаас хамаарах бөгөөд объектыг өндөр температур хүртэл халааснаар зэвсэглэлийн мэдрэгч элементийг эвдэх, хүний харааны эрхтэнг сохлох, арьсыг халаан түлснээр засаж болшгүй хор уршигт хүргэж улмаар объектыг устгана. Энергийн нягтрал хангалттай өндөр байх үед дулааны үйлчлэл нь импульсийн хэлбэрээр үйлчлэхээс гадна плазм үүссэнтэй холбоотойгоор цохилтын үйлчлэл давхар үүсгэдэг.
Лазерийн зэвсэг нь үйлчлэлийн далд нууцлагдмал байдал /үйлчилсний дараах дөл, утаа, дуу авиаг оролцуулахгүй/, өндөр нарийвчлалтай, хоромхон зуур бодитоор хүрэх хурд нь гэрлийн хурдтай бараг адил байдаг онцлогтой. Хөнөөх үйлчлэл нь агаар мандлын их тоос шороо, утаа болон цас, бороо, манантай үед буурч сулардаг.
Олон хэлбэрээс лазерийн зэвсэгт хамгийн тохиромжтойг нь хатуу байдалтай, чөлөөт электронуудтай болон цөмийн суурьтай рентген лазер гэж үздэг. Хатуу байдалтай лазерийг АНУ-ын мэргэжилтнүүд тив хоорондын баллистик пуужинг устгах зориулалттай онгоцонд суурилуулах лазерийн зэвсгийн системд хэрэглэхийг ирээдүйтэй гэж үздэг. Одоогийн байдлаар 1,5 км хүртэлх зайд байгаа амьд хүчийг устгах зориулалттай лазерийн винтов бүтээгдсэн нь мэдэгдэж байгаа.
Рентген лазерийг судлах судалгааны ажил тасралтгүй хийгдсээр байна. Ийм төрлийн лазер нь рентген цацрагийн маш их энерги /оптик мужийн лазерийг бодвол 100-10 сая дахин их/ болон янз бүрийн материалуудад нэлээд гүн нэвтрэх чадвараараа эрс ялгардаг. Энэ төрлийн лазерийн төхөөрөмж нь газар доор хийгдсэн цөмийн зэвсгийн туршилтын үед боловсруулагдсан байдаг. Ийм лазер нь 0,0014 мкм-ийн урттай долгионы рентген цацрагийн мужид үйлчилдэг ба цацрагийн импульс нь хэдхэн нано секундэд үүсдэг.
Ердийн лазераас рентген лазер нь байны гадаргуугийн материалыг ууршуулах чадвар бүхий импульсийн цохилтын үйлчлэлээр байг устгадагаараа ялгардаг.
Эрдэмтэд болон цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол лазерийн зэвсэг нь цаашид боловсронгуй болохын хэрээр /цацрагийн фокуслалт улам сайжирч нэмэгдэнэ/ энэ нь цэргийн мөргөлдөөн болон дайн байлдаанд улам өргөнөөр хэрэглэгдэх боломжтой юм байна.
1.2. Багцын зэвсэг
Багцын /пучковое/ зэвсгийн хөнөөх үйлчлэл нь өндөр энергийн цэнэгтэй болон саармаг эгэл хэсгүүд болох—электрон, протон, устөрөгчийн саармаг атомуудын нарийн чиглэгдсэн багц юм. Эгэл хэсгүүдээр зөөгдөж байгаа энергийн хүчтэй урсгал нь “бай”-ны материалд дулааны эрчимтэй үйлчлэл, харин хүний хүний бие организмын молекулын бүтцийг эвдэх чадвартай цохилтын механик ачааллыг үүсгэж болно.
Хүн болон янз бүрийн объектыг хөнөөх нь ионжуулсан ба термомеханик үйлчлэлээр тодорхойлогддог. Багцын хэрэгслүүд нь нисэх төхөөрөмжийн их биеийн бүрхүүлийг эвдэн баллистик пуужин болон сансрын объектуудын бүхээгийн электрон төхөөрөмжийг жагсаалаас гаргах замаар тэдгээрийг устгадаг. Электронуудын хүчтэй урсгалын тусламжтайгаар тэсрэх бодистой зэр зэвсгийг дэлбэлэх, пуужингийн толгойн хэсгийн цэнэгийг хайлуулж болно гэж үздэг.
Хурдасгуураар үүсгэгдэх электронуудад өндөр энергийг өгөхийн тулд хүчирхэг цахилгаан эх үүсвэр бүтээж, тэдгээрийн “алсын тусгал”-ыг нэмэгдүүлэхийн тулд ганц биш харин тус бүрд нь 10-20 импульс байхаар бүлэг цохилт өгдөг.
Багцын зэвсгийн хувьд маш ирээдүйтэй эгэл хэсэгт устөрөгчийн саармаг атомууд тооцогддог. Учир нь түүний эгэл хэсгүүд нь гео соронзон талбайд мурийхгүйгээр багцын өөрийнх нь дотор түлхэлцэн тархалтын өнцөгийг нэмэгдүүлдэггүй юм байна.
Багцын зэвсэг нь хоромхон зуур, гэнэтийн хөнөөх үйлчлэлээрээ онцлог ялгаатай. Энэ зэвсгийн алсын үйлчлэлийн хязгаарлагдмал хүчин зүйл нь бага багаар өөрийн энергээ алдан сарнин тархах эгэл хэсгүүдтэй харилцан үйлчлэлцэх агаар мандал дахь хийн эгэл хэсгүүд болж өгдөг юм. Багцын зэвсгийн нэлээд магадлал өндөртэй хөнөөлтийн объектод амьд хүч, электрон тоног төхөөрөмж, цэргийн техник болон зэвсэглэлийн янз бүрийн системүүд ордог юм.
Багцын зэвсгийн төхөөрөмж нь жин овор хэмжээ ихтэй байдаг ба тэдгээрийг хөдөлгөөнгүй эсвэл тусгай зориулалтын их ачаа даах хөдөлгөөнт техник дээр суурилуулж болно.
Хүсэн хүлээсэн тактик техникийн тодорхойлолтыг сайжруулах нь галын алсын тусгалыг нэмэгдүүлэх, сөргөлдөөний нөхцөлд эсрэг талыг гүйцэн түрүүлэх, мөн түүнчлэн шууд цохилтоор байг устгах ёстой удирдлагатай болон удирдлагагүй хэт хурдтай байлдааны зэвсгийг хэрэглэх үед онох нарийвчлал, магадлалыг дээшлүүлэхэд оршдог.
2. Долгионы зэвсэг
2.1. Акустик буюу дуу авианы зэвсэг
Акустик /буюу дуу авианы/ зэвсэг нь хүний бие организмд хүчтэй үйлчлэл үзүүлдэг хэдхэн Гц-ийн давтамжтай инфра авианы хэлбэлзэлийн чиглэгдсэн цацруулалтаас хэдэн арван мянган Гц-ын давтамж бүхий ультра авианы хэлбэлзэлийн чиглэгдсэн цацруулалтыг ашиглахад үндэслэгдсэн. Инфра авианы хэлбэлзлийн бетонон болон металл саадыг нэвтрэн гардаг чадвар нь цэргийн мэрэгжилтнүүдийн энэ зэвсэгт хандах сонирхлыг улам нэмэгдүүлж байдаг. Уг зэвсгийн алсын тусгал нь бодит орчинд тарах акустик хэлбэлзэлийн чиглэлийн диаграммын өргөн, давтамжийн утга, цацруулалтын хүчин чадлаар тодорхойлогддог. Акустик зэвсгийн хөнөөх үйлчлэл болон түүнийг зохион бүтээх асуудлыг авч үзэхэд энэ зэвсэг нь:
1/ 20 Гц-ээс доошхи инфра авианы муж,
2/ 20 Гц-ээс 20 кГц хүртэлх сонсогдох муж,
3/ 20 кГц-ээс дээшхи ультра авианы гэсэн давтамжийн 3 мужийг хамардаг.
Энэхүү шаталсан ангилал нь дуу авианы хүний бие организмд үйлчлэх онцлогоор тодорхойлогдоно. Сонсох хязгаар, өвчлөлийн түвшин болон хүний бие организмд үзүүлэх бусад сөрөг үйлчлэл нь дуу авианы давтамж багасах тутам нэмэгддэг болох нь тогтоогдсон. Инфра авианы хэлбэлзэл нь хүмүүст түгшүүр, айдас төрүүлж, зарим эрдэмтдийн баталж байгаагаар цацруулалтын хүчин чадал нэлээд их байх үед хүний биеийн тодорхой эрхтнүүдийн үйл ажиллагааг огцом алдагдуулж, зүрх судасны системийг гэмтээн үхэлд ч хүргэж болно.
Зарим оронд явуулсан судалгаанаас үзэхэд инфра авианы хэлбэлзэл нь төв мэдрэлийн систем болон хоол боловсруулах эрхтнүүдэд нөлөөлснөөс татганах-саажилт, бөөлжис цутгах, амьсгал боогдох, дотоод эрхтнүүдэд өвдөх мэдрэмж үүсч бие ерөнхийдөө эвгүйрхдэг байна. Харин нэлээд өндөр давтамжийн үед бол толгой эргэж, огиулан, ухаан балартан, зарим үед нүд сохорч тэр бүү хэл үхэлд ч хүргэдэг. Инфра авианы зэвсэг нь хүмүүсийг айдас сандралын байдалд оруулснаас болж хөнөөлт сүйтгэлийн эх үүсвэрээс нуугдах аргагүй юм гэсэн бодлыг үүсгэн өөрийгөө хянах чадварыг нь алдагдуулдаг. Тодорхой давтамж нь дунд чихэнд үйлчилснээр чичиргээ үүсгэж, далайн өвчний адил мэдрэмж үүсгэх шалтгаан болж өгдөг. Тодорхой давтамжийн цацруулалтаар эсрэг талын хүн ам болон цэргийн бие бүрэлдэхүүнийг нийтээр нь инфарктад оруулж болдог.
АНУ-д инфра авианы зэвсэг зохион бүтээх ажил хийгдэж байна. Цахилгаан гүйдлийн үйлчлэлээр хэлбэр нь хувирдаг пьезо цахилгаан кристаллуудын тусламжтайгаар цахилгаан энергийг нам давтамжийн дуу авианы энерги болгон хувиргадаг. Энэ төрлийн зэвсгийн туршилтын загварыг Югославын дайны үед хэрэглэсэн байна. “Акустик бөмбөг” гэж нэрлэгддэг зэвсэг нь маш нам давтамжийн дууны хэлбэлзлэлийг үүсгэдэг.
АНУ-д овор ихтэй чанга яригч болон дууны хүчтэй хурдасгуурыг ашиглан инфра авианы систем зохион бүтээх судалгаа явагдаж байна. Англид зөвхөн хүний сонсголын аппаратад үйлчлээд зогсохгүй мөн дотоод эрхтнүүдэд резонанс үүсгэн, зүрхний үйл ажиллагааг алдагдуулж, үхэлд хүртэл хүргэх инфра авианы цацруулагчийг зохион бүтээжээ.
Том антеннаас цацруулж байгаа ультра авианы хэлбэлзлэлийн үед үүсдэг маш нам давтамжийн акустик дууны тусгалыг цэргийн машин, хоргодох газар болон цооногт нуугдсан хүмүүсийг хөнөөхийн тулд ашигладаг.
2.2. Цахилгаан соронзон зэвсэг
Маш хүчтэй цахилгаан соронзон импульсийг ашиглах үндсэн дээр хүн болон янз бүрийн объектод үйлчилдэг. Энэ зэвсгийн хөгжийн ирээдүй нь маш их хариуцлагатай үүрэг зорилгыг шийдвэрлэж байгаа. Тухайлбал, аюулгүй байдлын хүрээнд болон цахилгаан техник дэлхий дээр өргөн тархан дэлгэрсэнтэй холбоотой үүсэх асуудлууд орно. Янз бүрийн техник төхөөрөмжинд хор хөнөөл учруулах чадвартай ЦС цацруулалтын тухай мэдлэгийг цөмийн зэвсгийн туршилтын явцад үүнийг физикийн шинэ үзэгдэл болохыг анх удаа мэдэж авсан байдаг. Удалгүй ЦС импульс нь зөвхөн цөмийн дэлбэрэлтийн үед үүсдэггүй болох нь тодорхой болжээ.
ХХ зууны 50-аад онд химийн тэсрэх бодисуудын тэсрэлтээр соленойдын соронзон оронг шахаж хунихад цөмийн биш “ЦС бөмбөгний” төхөөрөмжийн зарчмыг Оросод дэвшүүлэн гаргаж ирсэн байна.
Орчин үед олон улс орнуудын дэд бүтэц болон цэрэг дайчид эцэстээ хүртэл электроникоор тоноглогдож түүний хөнөөн сүйтгэх арга хэрэгсэлд анхаарал хандуулах нь маш чухал болж байна. Хэдийгээр ЦС зэвсэг нь үхлийн хөлөөлгүй зэвсэг гэж тодорхойлогддог боловч мэргэжилтнүүд үүнийг улсын болон цэргийн удирдлагын системийн объектуудыг жагсаалаас гаргахад ашиглах стратегийн зэвсэг гэсэн ангилалд хамруулдаг. Цөмийн дайны үед хэрэглэж болох ЦС импульсийг ихээр гаргадаг байлдааны халуун цөмийн хэрэгслийг боловсруулсан юм байна.
АНУ байлдааны толгойтой “Томагавк” гэсэн далавчит пуужинг эсрэг этгээдийн электрон хэрэгслийн ЦС импульсийг, ялангуяа АЭХСиситемийн радио локаторын системийг ажиллагаагүй болгох зорилгоор хэрэглэснийг 1991 онд Персийн буланд болсон дайн батлан харуулсан.
Ирактай хийсэн дайны бүр эхэнд 2003 онд ЦС ипульсийн нэг бөмбөгийг дэлбэлснээр Багдадын телевизийн төвийн бүх электрон систем ажиллагаагүй болж байжээ. ЦС импульсийн цацруулалтын хүний бие организмд үйлчлэх үйлчлэлийг судалсан судалгаагаар бол түүний сулавтар бага эрчмийн үед ч гэсэн хүний организмд янз бүрийн өөрчлөлт, ялангуяа зүрх судасны системд өөрчлөлт гардаг болохыг баталсан ажээ.
Сүүлийн жилүүдэд соронзон талбайн өндөр хүчдэлийн болон хамгийн дээд хэмжээний гүйдлийн хүчийг үүсгэдэг судалгааны суурин генератор зохион бүтээх тал дээр нэлээд амжилт олж байна. Орчин үед хүрсэн технологийн түвшин нь нэлээд орнуудын зэвсэглэлд ЦС импульсийн зэвсгийн янз бүрийн шинэчлэгдсэн загварыг оруулсан бөгөөд түүнийг байлдааны болон тусгай албадын зүгээс хийх тусгай арга ажиллагаанд амжилттай хэрэглэж болохоор болоод байна.
2.3. Радио давтамжийн болон хэт өндөр давтамжийн зэвсэг
Долгионы зэвсгийн нэг гол төрөл бол хэт өндөр /СВЧ/ болон хэт нам /СНЧ/ давтамжийн ЦС цацруулалтыг ашиглах үндсэн дээр үйлчлэх хөнөөх хэрэгслийг радио-давтамжийн зэвсэг /РДЗ/ гэдэг. Хэт өндөр давтамжийн муж нь 300 МГц-ээс 30 ГГц хүртэл хязгаарт байдаг бол хэт нам давтамж нь 100Гц-ээс бага мужид хамаарагддаг.
Радио давтамжийн зэвсгийн хөнөөх үйлчлэлийн үндэс нь хүний бие организмд нөлөөлөх цахилгаан соронзон цацруулалт байдаг юм. Хангалттай бага эрчмийн цацруулалтын үед хүртэл организмд янз бүрийн өөрчлөлт гардаг болохыг судалгаа харуулдаг. Радио давтамжийн цацруулалт нь зүрхний хэмнэл, түүнийг зогсоох хүртэл сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон. Цацруулалтын үед үйлчлэлийн дулааны ба дулааны биш гэсэн хоёр хэлбэр бий.
Дулааны үйлчлэл нь хүний биеийн эд эс, эрхтнүүдийг халаадаг ба хангалттай удаан хугацаагаар цацруулахад эмгэг өөрчлөлтөд хүргэнэ. Дулааны биш үйлчлэл нь хүний организмын янз бүрийн эрхтнүүд, ялангуяа зүрх судас, мэдрэлийн системийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
Хэт өндөр давтамжийн муж дахь радио давтамжийн зэвсгийг заримдаа микродолгионы буюу СВЧ-оружие /ХӨД-ны зэвсэг/ гэж нэрлэдэг. Цацруулалтаар хүний төв мэдрэлийн болон зүрх судасны системд үзүүлэх үйлчлэлийг юуны өмнө судалдаг. Учир нь эдгээр систем нь хүний биеийн бусад бүх эрхтэн, системүүдийн хэвийн ажиллагааг хангаж, хүний зан төлөв, сэтгэцийн байдлыг тодорхойлж байдагт оршино.
Одоо үед тархины цахилгаан соронзон талбайтай ижилхэн өгөгдөлтэй цацруулалтаар хүний төв мэдрэлийн системд үйлчлэх үед биологийн маш сайн үр нөлөөг үзүүлж байгааг тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор хүний тархины төвүүдийн цахилгаан соронзон цацруулалтын спектрийг нарийвчлан судалж байгаа ба ингэснээр эдгээр төвүүдийн идэвхтэй байдлыг дарангуйлах эсвэл улам хүчтэй болгох арга хэрэгсэл боловсруулах бололцоотой болох юм байна.
Микро долгионы төхөөрөмжөөр эсрэг талын радио электрон системд үйлчилэхэд ихээхэн үр дүнтэй байх юм гэж үздэг. Ингэснээр ямар ч электрон системийн ажиллагааг алдагдуулан эвдэж болох ажээ.
Хувьсах гүйдлийн сараалж бүхий антеннтай 1ГВт хүртэлх чадалтай ихээхэн ирээдүйтэй магнитрон болон клистроныг хэрэглэснээр онгоцны буудал, пуужингийн гарааны байрлал, удирдлагын цэг болон төвүүд, навигацын системүүдийг ажиллагаагүй болгож, төрийн байгууллага, цэрэг, зэвсгийн удирдлагын систем болон мөн удирдлагатай зэвсгийн тогтоосон удирдлагын блокыг жагсаалаас гаргаж болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар цахилгаан соронзон цацрагийн тусламжтайгаар хүнд зорилготойгоор чиглүүлэн үйлчилж болох ба ингэснээр радио давтамжийн зэвсгийг сэтгэл зүйн хорлон сүйтгэх болон удирдлагыг алдагдуулахад хэрэглэж болох юм.
Уг давтамжийг дамжуулах антенн нь телефон утасны болон радио релейний дамжуулах утас, ус дамжуулах болон дулааны шугам хоолой, радио сүлжээ, цахилгааны утас болж өгдөг тул ийм аргыг “Сүлжээний арга” гэж Оросод нэрлэдэг байна.
АНУ-д явуулсан судалгаагаар хүнд 30-3000 МГц хүртэлх муж дахь давтамжтай, 10 МВт/см2 эрчимтэй цацруулалтаар нэг л удаа үйлчилэхэд толгойн өвдөлт, бие сулрах, дарангуйлагдсан байдал, хэт цочирдсон байдалтай болох, айх мэдрэмж, шийдвэр гаргах чадвар алдагдаж, ой санамж мууддаг болох нь тогтоогдсон байна.
0,3-3 ГГц /дециметрийн долгион/-ийн давтамжтай 2МВт/см2 хүртэлх эрчимтэй радио долгионы мужийн долгионоор уураг тархинд үйлчилэхэд исгэрэх, шунгинах, дүнгэнэх гэх мэт мэдрэмж төрдөг. Мөн түүнчлэн маш хүчтэй цахилгаан соронзон цацраг нь хүчтэй түлэгдэлт үүсгэж нүд сохолдог болох нь тогтоогджээ.
Радио давтамжийн зэвсгийн байлдааны комплекс нь газар дээр, агаарт болон сансарт гэсэн хувилбараар байгуулагдаж болно. Бүх хэлбэрийн суурилуулалттай /газар, агаар, сансарт/ хөдөлгөөнт микро долгионы хүчтэй генераторуудыг зэвсэглэлд оруулснаар сөргөлдөгч талын зэвсгийн системийг блоклон хаах боломжтой болно. Энэ байдал нь микро долгионы хэрэгслүүдийн ирээдүйтэй зэвсэглэлийн маш давуу тал нь болж өгнө.
3. Геофизикийн зэвсэг
Цэрэг, байлдааны зорилгоор байгалийн үзэгдэл процессийг зохиомлоор явуулж хөнөөх үйлчлэл үзүүлэхэд үндэслэгдсэн зэвсгийг геофизикийн зэвсэг гэдэг. Уг үзэгдэл процессууд явагдаж буй орчноос хамаарч геофизикийн зэвсгийг:
- атмосферийн /агаар мандлын/
- литосфер буюу газрын газаргын /чулуун цардсын/
- гидросфер буюу усан мандлын
- биосфер буюу шим мандлын
- озоны зэвсэг гэж ангилдаг.
Геофизикийн хүчин зүйлүүдийг өдөөж буй арга хэрэгслүүд нь янз бүр /цацрагийн, долгионы гэх мэт/ байж болох боловч үүнд зарцуулагдах энерги нь уг процессийг үүсгэх байгалийн хүчний ялгаруулах энергээс үргэлж нэлээд хэмжээгээр бага байдаг юм.
Атмосферийн буюу агаар мандлын зэвсгийг Цаг уурын зэвсэг гэх бөгөөд энэ нь өнөө үед нэлээд их судлагдсан геофизикийн зэвсгийн нэгэн төрөл юм. Атмосферийн зэвсгийн хөнөөх хүчин зүйл нь цаг уур, уур амьсгалын нөхцөлтэй холбоотой агаар мандлын янз бүрийн үзэгдлүүд байдаг ба үүнээс тодорхой бүс нутаг болон мөн дэлхийн бүх хэсэг дэх амьдрал хамаарч болох юм. Иоджуулсан мөнгө, хатуу нүүрсхүчил зэрэг олон идэвхтэй нэгдлүүд, бусад бодисууд нь үүлэнд сарнин шингэснээр их хэмжээний газар нутагт усархаг бороо оруулдаг. Нөгөө талаас пропан, нүүрсхүчил, иоджисон хар тугалга зэрэг идэвхтэй нэгдлүүд нь мананг сарниулдаг. Газар дээр байрлах генератор болон онгоц, пуужин зэрэгт байрлуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар эдгээр бодисуудыг цацаж болно.
Агаарын чийглэг ихтэй бүс нутгуудад аадар бороо оруулснаар гол мөрөн, нуурын усны түвшинг нэмэгдүүлж, зам болон суурин газарт хүрэх аргагүй болгох, харин нам дор бүсэд үер буулгадаг. Нөгөө талаас чийг багатай бүс нутагт зохиомол хур тунадас оруулж болдог ба мөн агаарын чийглэг ихтэй нутагт агаараас чийгийг арилгаж хэт хуурайшилт үүсгэж ч болно.
Литосферийн буюу газрын чулуун давхаргын зэвсэг нь чулуун давхаргын буюу өөрөөр хэлбэл дэлхийн цардас болон маанти-ийн дээд давхаргыг багтаасан дэлхийн “хатуу” гадаад бүрхүүлийн энергийг ашиглахад үндэслэгддэг. Хөнөөх үйлчлэл нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, геологийн бүтцийн шилжилтийн хэлбэрээр илэрч гардаг. Энэ үед тектоникийн /газрын цардсын хувирал/ аюултай бүс дэх хөдөлгөөн хүчдэл нь энергийн эх сурвалж болдог. Дэлхийн гадаргын хөдөлгөөний аюултай зарим бүсүүдэд газар дээр болон газар доор харьцангуй бага хүчдэлтэй явуулсан цөмийн дэлбэрэлт сүйрлийн үр дагаварт хүргэх газар хөдлөлтийг үүсгэж болно гэдгийг судалгаагаар харуулсан.
Усан мандлын зэвсэг нь цэрэг дайны зорилгод усан мандлын энергийг ашиглахад үндэслэгддэг. Энэ зэвсгийн хөнөөх хүчин зүйл нь маш хүчтэй долгион үүсгэн усанд автуулах явдал байдаг.
Биосферийн буюу экологийн зэвсэг нь шим мандлын сүйрэлт өөрчлөлт үүсгэхэд үндэслэгддэг. Биосфер нь энерги болон бодисуудын шилжилтийн нарийн төвөгтэй нийлмэл биохимийн мөчлөгөөр харилцан холбоотой агаар мандлын тодорхой хэсэг, усан мандал болон дэлхийн цардсын дээд хэсгийг хамаардаг. Өнөө үед химийн болон биологийн хэрэгслүүд байдаг ба эдгээрийг хэрэглэснээр ургамлын бүрхүүл, хөрсний гадаргын үржил шимтэй давхарга болон хүнсний нөөц, бусад зүйлсийг устгаж болно. Хөрсийг зохиомлоор хордуулан ургамал болон амьтны аймгийг үхүүлж хөнөөх нь шим мандлыг сүйрэлт өөрчлөлтөнд оруулж, ингэснээр хүмүүсийг үй олноор устгах үр дагавартай.
Озоны зэвсэг нь нарнаас ирж байгаа хэт ягаан туяаны энергийг ашиглахад үндэслэгддэг. Халхлах озоны давхарга нь 10-50 км-ын өндөрт байдаг бөгөөд хамгийн их нягт хэсэг нь 20-25 км-ын өндөрт байж нягт нь дээш доошоо огцом буурдаг. Дэлхийн гадаргын ердийн нөхцөлд хэт ягаан цацрагийн нэлээд их хэсэг нь 0,01-0,2 мкм-ийн долгионы урттай байдаг. Үүний ихэнх хэсэг нь агаар мандлаар дамжин өнгөрөхдөө озонд шингэж агаарын молекул болон тоосны хэсгүүдээр сарнидаг юм. Озон нь микро организмийг устгадаг хортой, маш хүчтэй исэлдүүлэгчийн нэг юм. Пуужин, онгоц болон бусад хэрэгслүүдээр озоны давхаргад хийн байдалтай холимог /бром, хлор, фтор ба тэдгээрийн нэгдэл/-ийг хүргэснээр озоны сүйтгэн хөнөөх байдал нь улам эрчимждэг.
Озоны хамгаалалтын давхаргад зохиомлоор түр зуур нээсэн “цонх” нь эсрэг талынхны нутаг дэвсгэр дээр хэсэгчилсэн сүйтгэл хөнөөлийг үүсгэж, дэлхийн бөмбөрцгийн тодорхой бүс нутаг дахь хүн ам, амьтан ургамлын аймгийг хортой их хэмжээний хэт ягаан болон сансрын бусад цацрагийн үйлчлэлд оруулдаг.
Хүрээлэн байгаа орчинд үзүүлэх геофизикийн үйлчлэлийн салбарт сүүлийн үед хийгдсэн судалгаанаас үзэхэд XXI зуунд геофизикийн зэвсгийн нэлээд хэлбэрүүдийг зохион бүтээх технологид хандах зарчмын шинэ хандлага бий болох магадлалтай бөгөөд АНУ-ын ХААРП, Оросын СУРА хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа өргөн хүрээний маш нууц ажлууд энэ салбарт хамаарна.
4. Генийн зэвсэг /генетикийн/
Байлдааны зэвсэг хэрэгсэл төхөөрөмжүүдэд химийн болон биологийн гаралтай бодисуудыг ашигласнаар энэ нь хүний организмыг генийн мутац /генийн бүтцийн өөрчлөлт/-д оруулж, эрүүл мэндийг доройтуулан муутгаж зан төлөвийг нь хөтөлбөрчлөн өөрчилдөг зэвсгийг хэлнэ.
Сүүлийн үед биотехнологийн салбарт сүүн тэжээлтний өвдөх мэдрэмж болон психосоматик реакцинд нөлөөлөх физиологийн идэвхтэй уургийн өргөн мужийг гарган авах арга зүйг аль хэдийнээ боловсруулсан гаргасан юм байна.
Генийн зэвсгийн онцгой хэлбэр нь сонгогдсон генийн хүчин зүйлтэй угсаатны зэвсэг юм. Энэ нь тодорхой угсаатан болон хүн амын доторхи арьстныг хөнөөх зориулалттай байдаг. Уг зэвсгийн боловсруулах боломж болон хэрэглээ нь хүмүүсийн дундах угсаатны хэсэг, арьстны генийн ялгаан дээр үндэслэгддэг. Угсаатны зэвсгийн үйлчлэх объект нь мөн тухайн бүс нутгийн онцлог бүхий ан амьтан, ургамал, хөрсний бичил ургамлууд байж болно. Эдгээр нь энэ нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүсийн оршин амьдрах чухал нөхцөл болж байдаг онцлогтой.
Тодорхой бүлэг хүмүүсийн бие организмд гадаад орчин, хүнс тэжээл болон халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлаас хамаарсан генийн биохимийн илэрхий онцлог байдаг. Ийм бүс нутгийн хүчин зүйлийн нөлөөлөл дор биологийн янз бүрийн бүтцүүд бүрэлдэн тогтдог ба энэ нь удамшин хүмүүсийн дараагийн үед дамжин явагддаг. Ийм дотоод хэлбэрийн ялгаа нь угсаатны зэвсгийн химийн болон биологийн үйлчлэлийн зорилготой чиглэгдсэн шууд объект болж хүний эд эс, бие, эрхтэнд нөлөөлдөг. Энэ нь тухайлбал, хүүхэд төрүүлэх чадварыг муутгах стрелизацийн зэвсэг болон геноцидийн арга хэрэгслүүдийн нэг нь болдог.
Эрдэмтэд 2010-2015 онуудад зэвсэг байдлаар хэрэглэж болох /токсичный/ хордуулан мансууруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг генийн инженерчлэл хангаж өгнө гэж үзэж байгаа.
Психофизикийн зэвсгийн талаарх мэдээлэл, түүний ангилал, төрөл нь их өргөн хүрээнд яригдах тул дараагийн дугаарт нийтлэх болно.
Дүгнэлт: Тусгай албад эрт дээр үеэс улс төрчдийн далд ухамсарт нөлөөлөх болон тагнах үйл ажиллагаандаа паранормаль чадварыг ашигласаар ирсэн. Хүний сэтгэцэд шууд нөлөөлөн түүнийг зайнаас удирдах, зомбичлох нь гадаадын тусгай албад, цэргийнхний сонирхон судлах чухал салбар болж энэ зорилгодоо хүрэхийн тулд техник технологийн өргөн судалгаа явуулж байгаа юм байна. Дэлхийн томоохон тусгай алба, цэргийнхний хүрээнд чухам ийм төрлийн зэвсэг, технологийн төлөөх шургуу эрэл хайгуул хийгдэж, магадгүй шинэ “дайн” үүсвэл атом, цөмийн зэвсгээс ч илүү хор хөнөөлийг нууц далд аргаар, үл анзаарагдам хэлбэрээр явуулж болох психотроникийн /ерөнхийд нь ингэж нэрлэв ЦН/ буюу сэтгэцэд нөлөөт зэвсгийг /СэНЗ гэж товчиллоо ЦН/ хэрэглэх нь дамжиггүй гэж Орос, Америкийн эх сурвалж материалуудад дурджээ.
Оросын психотрон зэвсгийн эцэг гэгдэх И.Смирнов хэлэхдээ: “...Дэлхийн 3 дугаар дайнд ялагч гэж байхгүй. XXI зууны зэвсэг нь эсрэг талынхныг алж устгахгүй, харин тэдэнд нөлөөлдөг болно. Дуулгавартай цэрэг, байгалийн эрс өөрчлөлтүүд, хүний сэтгэх үйл ажиллагаа болон бусад организмын биеэ хамгаалах төлөв чадварт далд ухамсрын түвшинд үйлчилэх болно” гэж нэгэнтээ хэлсэн нь ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байгаа мэт.
Психотроникийн зэвсгийн талаарх дээр бичсэн ангиллууд нь шинжлэх ухааны баттай тогтсон нэршил, ангилал бас биш юм. Яагаад гэвэл энэ чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэд, судлаачид нь янз бүрээр ангилан, нэрлэх тохиолдол байдаг нь энэ төрлийн судалгаа, туршилтууд нээлттэй бус харин ч маш нууц зэрэглэлийн ангилалд явагддагтай холбоотой гэж үзэж болно. Гэхдээ яаж ангилахаас үл хамааран энд яригдаж буй зэвсэгүүд нь хүнд үл үзэгдэгч, үл мэдрэгдэгч цацраг туяа, долгион, эсвэл хэт гаж дуу чимээний тусламжтайгаар хүмүүсийн бие махбодь, сэтгэхүй, далд ухамсар, орчин үеийн нарийн электрон төхөөрөмжид нөлөөлдөг гэдэг нь тодорхой байна. Тэрчлэн байгаль орчин, объект, байшин барилгыг сүйтгэхгүй, материаллаг хохиролгүй, үл анзаарагдам, нууцлаг, хохирогчдыг элдвээр оношлох боломжтой гэдгээрээ энэ зэвсэг нь хүчний байгууллагууд, тусгай албад, цэргийнхний сонирхлыг зүй ёсоор татаж байгаа юм.
Энэ салбарын судалгаа, шинжилгээний ажил өнөө үед ямар хэмжээнд явагдаж байгаа, ямар хор хөнөөлтэй, юунд чиглэгдэж болох, тусгай албад ба цэргийнхэн хэрхэн ашиглаж, ямар үр дүнд хүрч болзошгүй гэх мэт маш олон асуултууд бидний өмнө тавигдаж байна. Хөндөн үзэж байгаа сэдэв маань магадгүй “шинэ” зүйл болох тул бидний өмнө эхлээд танин мэдэх хэрэгцээ шаардлага гарч ирнэ. Цаашлаад ул суурьтай судалгаа хийхийн тулд тодорхой хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэн улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн гаргах шаардлагатай юм.