Оросууд нутагтаа зохион байгуулж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүн төрөлхтний их баяр наадам гэдэг утгаар нь тэмдэглэхийг хичээж олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. ОХУ бол олон үндэстнээс бүрэлдсэн холбооны улс. Тиймээс ДАШТ-ий тоглолт хүлээж авах үндэстнүүд өөрийн гэсэн соёл, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчлахыг хичээж байгаа аж.
Тэдгээрийн нэг нь Татарстаны нийслэл Казань хотод болох дэлхийн хамгийн их хэмжээний чак-чак хэмээх хоол бэлтгэж дээд амжилтын номд бүртгүүлэх ажиллагаа юм. Чак чак нь татар үндэстний нэрийн хуудас болсон идээ гэнэ.
ДАШТ-ий тоглолт болох 11 хотоос Казань хот хэсгийн тоглолт, хасагдах шатны тоглолтын аль алиныг хүлээж авахаараа ялгаатай. Казаньчууд энэхүү боломжоо ашиглан дэлхийд хамгийн их хэмжээний чак-чак хүнсийг бэлтгэн зочид гийчдээ дайлахаар төлөвлөжээ. Хүнсний хэмжээ дор хаяж 1300 кг татах ёстой бөгөөд төрийн байгууллагаас хүнс бэлтгэгчдийн дунд аль хэдийнэ сонгон шалгаруулалт зарласан гэнэ. Татарстаны хөрш зэргэлдээ Башкирын БНУ нийслэл Уфадаа 2016 онд 1143 кг чак-чак хийж дээд амжилт тогтоосон байдаг аж. Татарчууд энэ амжилтыг эвдэх амбийц агуулж байгаа ажээ. Энд бэлтгэсэн чак-чакийг зургадугаар сарын 17-ны өдөр олон нийтэд сонирхуулж, дайлах юм байна.
Чак чак гэдэг нь гурилаар хийж, тосонд шарж, зөгийн баланд хутгаж бэлтгэсэн нэгэн төрлийн хоол, амны зугаа болгоход тохиромжтой хүнс аж.