Дани улсын 16 хүртэлх насны бүх хүүхэд сургуульд хамрагдах ёстой бөгөөд их, дээд сургуульд элсэгчдийн 83 хувь нь цааш үргэлжлүүлэн сурдаг гэх судалгаа байна. Энэ нь тус улсын бүх шатны боловсролын байгууллага, хүрээлэнгүүд үнэ төлбөргүй байдагтай холбоотой.
Дани оюутнууд үнэгүй боловсрол эзэмшээд зогсохгүй сар бүр 5839 дани крон буюу 900 ам.долларын тэтгэлэг улсаасаа хүртэнэ. Тус улсын боловсролын чанар дэлхийд гайхагддаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Австрали, Шинэ Зеланд, Финландын хамт дэлхийд үргэлж эхний тавд бичигддэг байна.
Мөн Даничуудын 40 гаруй хувь нь урлаг, спортын хороо, төрийн бус байгууллага, улс төрийн хүчнүүдийн ажилд сайн дураараа оролцдог гэх судалгаа бий. 5.7-хон сая хүнтэй атлаа тус улс 100 мянга гаруй төрийн бус байгууллагатай нь даничуудын нийгмийн идэвхийг харуулна. Цалин хөлсгүй ийм ажлууд улсын 35.3 тэрбум дани кроныг хэмнээд зогсохгүй жилийн төсөвийн 9.6 хувийг дангаараа бүрдүүлдэг байна.