ОХУ-ын Алс дорнодын Хабаровск хотод тус улсын “Восток” агаарын тээврийн компанийн "Ми-8" нисдэг тэрэг унаж осолдсон тухай тус улсын "Тасс" агентлаг мэдээлж байна.
Уг осол өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хабаровск хотын гудамжуудын уулзвараас холгүй болсон байна. Осол болсон газарт онцгой байдлын яаралтай тусламжийн багийнхан болон бусад албаныхан ажиллаж байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогийн байдлаар ослын улмаас 6 хүн амиа алдсан байна. Онгоц осолдож, дэлбэрсний улмаас их хэмжээний гал гарчээ. Тиймээс аврах ажиллагааг явуулахад ихээхэн хүндрэлтэй байгааг мэдээлж байна. Ослын газарт аврах болон гал унтраах багийн 170 гаруй ажилтан, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ОХУ-ын Мөрдөх байцаах газрын мэдээлснээр тус онгоц нь сургуулилтын нислэг үйлдэж байгаад ийнхүү осолджээ. Харин нисдэг тэрэгний ослын шалтгааныг урьдчилан хэлэх боломжгүй байна. Мөн энэ нисдэг тэргэнд хэдэн хүн сууж явсан нь тодорхойгүй байна.
"МИ-8" нисдэг тэргийг ОХУ-д үйлдвэрлэдэг бөгөөд 2015 оны байдлаар дэлхий дахинаа цэргийн зориулалтаар хамгийн түгээмэл ашиглагддаг гурав дахь тээврийн хэрэгсэлд тооцогддог юм.