Оросын Кемерово хотын худалдааны төвд гал гарч, 64 хүн тэр дундаа 41 хүүхдийн амь насыг авч одсон золгүй явдал болоод удаагүй байтал Москва хотын Соколиная гора тойрогт мөн худалдааны төв шатсан хэрэг гарчээ. Оросын онцгой байдлын албаны мэдээлснээр гал барилгын 6 давхарт гарч, улмаар нэг хүн амиа алдан 6 хүн гэмтэж түлэгдсэн байна.
Гал барилгын дээд давхрын агуулахын хэсэгт гарчээ. Галынхан болон онцгой байдлынхан шуурхай ирж галыг унтраасан байна. Тэд галд өртөн гэмтэж түлэгдсэн хүмүүсийг түргэний машинаар ойролцоох эмнэлэг рүү хүргэх замд нэг хүн амьсгал хураажээ. Тэрээр шатсан барилгад ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн гал унтраах явцад 6 гал сөнөөгч гэмтэж түлэгдсэн байна. Аврагчид барилгаас 60 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түймэрт барилгын 80 кв/м талбай шатсан байна.
Оросын мөрдөн шалгах комиссын мэдээлснээр гал гарсан 6 давхар барилгын эхний 4 давхарт нь хүүхдэд зориулсан худалдааны төв ажиллаж, харин 5 болон 6-р давхарт нь бөс барааны үйлдвэрийн агуулах байрлаж байжээ.