АНУ-ын Калифорни мужийн Сан Бруно хотод байрлах “YouTube”-ийн төв оффист зэвсэглэсэн этгээд гал нээж, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Алан хядагч эмэгтэй хүн байсан бөгөөд халдлага үйлдсэнийхээ дараа амиа егүүтгэсэн бололтой. Халдлага болсон байшингаас шархадсан гурван хүнээс гадна амиа хорлосон байдалтай нас барсан нэг эмэгтэйн цогцос олдсон гэж Сан Бруно хотын Цагдаагийн газрын дарга Эд Барберини мэдэгджээ. Амиа хорлосон эмэгтэйг халдлага үйлдсэн гэж үзэж байгаа юм.
Хэвлэлийнхэн Сан Бруногийн төв эмнэлгийн эмч, доктор Эндрью Кэмпбеллээс хохирогчдын биеийн байдлын талаар тодруулахад гурван шархтан ирсний хоёрынх нь биеийн байдал тогтворгүй, маш хүнд байдалтай гэсэн мэдээллийг өгчээ.
CBS телевизийн мэдээлснээр, шархадсан гурван хүний нэг болох 36 настай эрэгтэй нь халдлага үйлдсэн эмэгтэйтэй дотны холбоотой байсан гэнэ. Гэхдээ Цагдаагийн байгууллагаас энэ мэдээллийг батлаагүй аж.
Барилгын хажууд байрладаг рестораны ажилчид”Халдлага болсон байшингаас хөлдөө шархадсан эмэгтэй өөрөө гарч ирж тусламж хүссэн” гэж мэдүүлжээ.