Гуравдугаар сарын 23-ны өдөр АНУ Хятадаас орж ирэх ган болон хөнгөн цагааны татварыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Сангийн яамнаас Америкаас орж ирдэг гахайн мах, жимсний татварыг нэмэгдүүлж байгаагаа мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэрвээ шинэ бодлогоо хэрэгжүүлж эхэлбэл Хятадаас орж ирдэг 50 тэрбум ам. доллартой тэнцэх бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдэх юм. Хэдийгээр ажиглагчид энэ асуудлаас болж эдийн засагт шууд нөлөөлөх нь бага гэж үзэж байгаа боловч хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж, хэсэг хугацааны хямрал болж магадгүй гэж эмээж байгаа аж.
Бээжингээс мэдээлснээр гахайн мах болон зарим бүтээгдэхүүний татварыг 25 хувиар өсгөж, алим, газрын самар болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний татварыг 15 хувиар өсгөжээ.
Хятадын Засгийн газраас мэдээлснээр өнгөрсөн онд тус улс дээр дурдсан бараа бүтээгдэхүүнээс нийт 3 тэрбум ам. доллар тэнцэх бараа бүтээгдэхүүнийг импортоор авсан аж. Тиймээс одоо 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дийлэнх нь түүнд саналаа өгсөн газар, тариалан, фермийн аж ахуй эрхлэгчдийг онилж байна.
БНХАУ-ын Сангийн яамнаас “АНУ-ын татварын шинэ бодлого бидний ашиг сонирхлыг ихээр зөрчлөө. АНУ Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж байна” гэжээ. Өнгөрсөн онд Америкийн Хөдөө аж ахуйн салбарынхан нийт 20 тэрбум ам. доллартой тэнцэх бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлсэн бөгөөд Гахайн аж ахуй эрхлэгчид нийт 1,1 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнийг Хятад улсад нийлүүлсэн байна.
Эх сурвалж: AP