Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэний 89 жилийн ойн хүрээнд “Явуу-89” уламжлалт хүндэтгэлийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэх, шинэ залуу яруу найрагчдыг нээн таних, утга соёлын өвийг залуу хойчдоо өвлүүлэн үлдээх залгамж ёсыг хадгалах зорилгоор “Оюуны жимс-2018” яруу найргийн наадмын зохион байгуулах гэж байна.
Үүнд оролцох найрагчид Завхан нутгаас төрөн гарсан алдар цуутай яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч, урлаг соёлын нэрт зүтгэлтний аль нэгэнд зориулсан нэг шүлэг, эх орон, эх нутгийн сэдэвтэй болон чөлөөт гэсэн гурван бүтээлээ маргаашийн дотор ирүүлэх юм.
Бүртгэлийг СУИС-ийн салбар ХБК-ийн номын санд явуулах бөгөөд үүнд зөвхөн их дээд сургуулийн оюутан залуус, яруу найраг сонирхогч 18-30 насны чөлөөт уран бүтээлчид оролцох эрхтэй юм. Мөн Монгол хэл, уран зохиолын багш нар оролцож болох аж.
“Оюуны жимс-2018” яруу найргийн наадам гурван үе шаттай явагдах ба бүтээлээ ирүүлсэн нийт яруу найрагч эхний шатанд шүлгээ дуудаж, хоёрдугаар шатанд 20, гуравдугаар шатанд 10 найрагч шалгарч, зохион байгуулах комиссоос шилдэг таван найрагчийг тодруулах юм байна.
Ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, Залуу зохиолчдын холбоо, хамтран зохион байгуулагчаар СУИС–ийн салбар Хөгжим бүжгийн коллеж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр ажиллаж буй.