ОХУ-ын Кемерова мужид орших “Өвлийн интоор” худалдааны төвд гал гарч, 40 хүн амь насаа алдаж, 60 гаруй хүн сураггүй болоод байна. Гал барилгын дөрөвдүгээр давхраас эхэлж , 1500 м2 талбайг хамарчээ. Албан ёсны мэдээгээр 37 хүн нас барж, 82 хүн түлэгдэж гэмтсэн гэж байгаа бөгөөд үүнээс гадна 64 хүн сураггүй алга болсны дотор олон хүүхдүүд байгаа аж. Худалдааны төвийн энэ давхарт кино театр байдаг учир олон тооны хүн хохирох шалтгаан болсон байна.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжилтнүүд эхний ээлжинд цахилгааны холболтоос болж гал гарсангэсэн таамаг дэвшүүлээд ажиллаж байгаа аж. Эрчим хүчний өндөр ачааллыг холболтод ашигласан кабель дийлэлгүй гал гарсан байх магадлал өндөр байгаа аж.
Худалдааны төвийн эзнийг хуулийн байгууллага баривчлан саатуулжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 109, 219, 238 дугаар зүйлд заасан “Анхаарал болгоомжгүй байдлаар бусдын амь насыг хөнөөсөн”, “галын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс болж хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон”, “Аюулгүй байдлын шаардлага хангаж ажиллаагүй” гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.