Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бакыг өчигдөр хахууль авсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган гэрээс нь баривчилжээ. Тэрээр баривчлах тушаал хүлээн авсныхаа дараа Facebook-тээ “Энэ бүхэн миний буруу байх. Би гэмтэй юм шиг санагдаж байна” хэмээх гар бичвэрээ оруулсан аж.
Учир нь үүний өмнө өөрт нь тулгаж буй хэргүүдийг эсэргүүцэж байсан тэрээр одоогийн Ерөнхийлөгч Мүүн Же Иний тэргүүлдэг сөрөг хүчний авч буй улс төрийн өшөө авалт хэмээн үзэж байгаа юм.
2008-2013 оны хооронд БНСУ-г удирдаж байсан Ли Мюн Бакын залгамжлагч Пак Гын Хе хүртэл өнгөрсөн жил авлигын хэргээр баривчлагдаж, хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 30 хүртэлх жилийн ял авч магадгүй байна.
Ли Мюн Бакын хувьд хувь хүмүүс болон байгууллагуудаас олон сая ам. долларын хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа тухай AP агентлаг мэдээлжээ. Үүнээс гадна эрх мэдлээ урвуулан ашигласан, Ерөнхийлөгчийн баримт бичгүүдийг нуун дарагдуулсан төдийгүй сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа аж.
Харин Солонгосын Ардчилал намын төлөөлөгч Чан Же Вон “Энэ улсад Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс амьдрах тийм хэцүү хэрэг үү? Ерөнхийлөгч асан Ли улс төрийн өшөө авалтын сүүлчийнх нь байгаасай гэж хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
Прокурорууд одоо Ли Мюн Бакыг 20 өдрийн хугацаанд саатуулах эрхтэй бөгөөд энэ хугацаанд одоо тулгаж буй ялыг оноох эсэхийг албан ёсоор шийдэх юм.