ОХУ ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн олон улсын тэмцээн уралдааныг нутагтаа зохион байгуулх эрхгүй боллоо. ОХУ-аас олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах ямар ч хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээж авахгүй байхыг Допингийн эсрэг олон улсын агентлаг олон улсын спорт холбоодод хүргүүлжээ.
ОХУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг /РУСАСДА/-ийн эрхийг хасаад байсан. Гэхдээ ОХУ олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрх нь нээлттэй байсан юм.
Допингийн эсрэг олон улсын агентлаг энэ дүрмэндээ өөрчлөлт оруулж, Үндэсний холбоо, Үндэсний олимпийн хорооноос гадна Сэргээшийн эсрэг агентлаг нь эрхээ хасуулсан бол тив, дэлхийн АШТ, олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийг хасах зохицуулалтыг хийж өгчээ. ОХУ-ын олон улсын тэмцээн зохион байгуулах эрх энэ өөрчлөлтийн дагуу хүчингүй болж байгаа аж.
“Чемпионат.ру” цахим хуудсанд мэдээлснээр, цана, теннис, туялзуур сэлэм, гүйлтийн марафон, уран сайхны болон спортын гимнастикийн тэмцээнүүд хоригт хамаарч байгаа аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө олон улсын холбооноос зөвшөөрөл авсан тэмцээнүүд хоригт хамрагдахгүй учраас хөлбөмбөгийн ДАШТ харин явагддагаараа явагдах ажээ.