Мөнхөд дурсагдах гавъяатан" үзэсгэлэнгийн нээлт боллоо

Мөнхөд дурсагдах гавъяатан" үзэсгэлэнгийн нээлт боллоо


7 жил

Ардын хувьсгалын их жанжин Д.Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 125 жилийн ойд зориулсан "Мөнхөд дурсагдах гавъяатан" нэртэй үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2 дугаар сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ.  Их жанжин Д.Сүхбаатарын гэргий гэдгээрээ ард түмэнд илүүтэй танигдсан тэрээр Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг  юм.

Н.Янжмаа 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга,  Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байв. 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явжээ. Тэрээр УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Н.Янжмаа эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар  МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга  зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.

“Н.Янжмаа нь XX зууны эхэн үеийн  эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд  эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Мөнхөд дурсагдах гавъяатан”.  Төрийн алба хашиж буй хүн өөрийгөө золиослож зүтгэдэгийн жишээ нь Н.Янжмаа гуай бөгөөд өнөө үеийн бид түүнээс үлгэр жишээ авах учиртайг гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байлаа.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү