Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр


8 жил

Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд одоогийн Амгаланбаатар хотноо мэндэлжээ. Эцэг Цагаан дээлт Дамдин, эх Ханджав нар нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Хайсан овгийн хүмүүс юм. 1890 онд Их Хүрээнд ирж Маахуур толгойн жалга хавьд нутаглаж байсан бөгөөд тэр нь одоогийн Их Засаг их сургуулийн орчимд ажээ. Дамдиных Дэндэв, Ранжин хэмээх хоёр хүүтэй байсан бөгөөд Их Хүрээнд ирсний дараа хүү Сүх нь мэндэлжээ.

Сүхийн бичиг үсгийн анхны багш нь Жамъян, манж хэлний багш нь Гүррагчаа хэмээх хүмүүс байв.

Сүх 16 насандаа Их Хүрээний дөрвөн босго буюу Нийслэл Хүрээ-Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн өртөөнд ээлжлэн улаа нэхэж байгаад 1911 онд 19 насандаа Богд хаант Монгол улсын цэргийн албанд татагдан, пулемёт сумангийн дарга болж, Бавуужавын эсрэг дайнд тодрон гавъяа байгуулж Сүх гэдэг нэрнийхээ ард “баатар” хэмээх нэрийг нэмж зүүжээ. Улмаар сайн суралцаж төгссөн учир удаа дараалан цэргийн отго жинсээр шагнуулжээ.

1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэн орж, “Монголын үнэн” сонинг санаачлан сэтгүүлчээр ажиллаж, 1920 онд Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Эрхүү хотод 4 сарын турш амьдарчээ.

1921 оны 2 дугаар сараас Ардын журамт цэрэг элсүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, бүгдийг ерөнхийлөн захирах жанжнаар нь томилогдон эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж, Ардын хувьсгалыг мандуулан жолоодсон тул 1922 оны 9 дүгээр сард “Зоригт баатар” цолоор шагнуулж, 1922 онд Зөвлөлт Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагджээ. Д.Сүхбаатар 1923 оны 2 дугаар сарын 22-нд цэл залуу насандаа зуурдаар таалал төгсчээ.

1924 оноос Д.Сүхбаатарын дурсгалд зориулан нам олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн өргөн цуглааныг хийж эхэлсэн бөгөөд 1930 оны намар Улсын төв театрын өмнөх талбайг түүний нэрээр нэрлэжээ. 1934 оноос Монголын бүх цэрэг армийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, мөн 1943 онд түүний нэрэмжит офицерын сургуулийг байгуулж, их дээд сургуулийн шилдэг онц сурлагатнуудад Д.Сүхбаатарын нэрэмжит цалин олгодог болжээ.

1945 оны 9 дүгээр сард төрийн хамгийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонг бий болгож, 1946 онд уран барималч С.Чоймболын гаргасан загвараар хөшөөг бүтээж 7 дугаар сарын 8-нд албан ёсоор хөшөөний нээлтийг хийжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү