Бид өмнө та бүхэнд онолын физикч Мичио Какугийн лекцэн дээрээ ярьсан зөгнөлийн талаар хүргэж байсан бол энэ удаад цаг хугацаагаар аялагчдын тухай түүхийн “өвөг эцэг” гэгддэг толгой эргэм, гэхдээ тун сонирхолтой яриаг орууллаа.
1945 он. Нэг хүн харанхуйгаас бяцхан охиныг тэвэрч гарч ирээд, охиныг асрамжийн газарт орхиод явна. Охиныг олсон гэлэнмаа нар түүнийг хаанаас ирснийг нь мэдэхгүй учраас Жэйн гэж нэрлэнэ. Жэйн эцэг, эх нь хэн юм бол гэж гайхсаар өнчин өснө. 17 нас хүрсэн Жэйн их хөөрхөн ч охин болж, анхны найз залуутайгаа танилцана.
Амьдралд нь орж ирсэн энэ залуу түүнтэй хамт удаан байх ёсгүй байжээ. Найз залуутайгаа байнга маргах болсон байна. Одоо эндээс эхлээд их гунигтай үйл явдал хөвөрнө. Эхлээд охин бие давхар болсноо олж мэднэ. Найз залуу нь хаяад явсан учраас ганцаараа бие давхар үлдэж. 9 сарын дараа эмнэлэгт хүргэгдэж, дэндүү хөөрхөн охиныг төрүүлнэ. Гэвч тэр орой хэн нэг хүн эмнэлгийн цонхоор орж ирэн, Жэйний охиныг хулгайлж, харанхуйд уусан алга болно. Бүр эннээс долоо дор юм болсон нь Жэйн маш ихээр цус алдаж байсан учраас үхэх л зам үлдэнэ. Эмч нар яаралтай гэхдээ туршилтын мэс заслыг гүйцэтгэнэ. Тэд Жэйнийг Жим болгож хувиргана.
Маргааш өглөө нь Жим толгой нь асар их өвдсөн байдалтай сэрнэ. Ингээд муу мэдээгээ ээлж дараалан сонсох нь тэр. Эхлээд найз залуу жирэмсэн байхад нь хаяж, дараа нь хүүхдийг нь хүн хулгайлж, одоо өөрөө эмэгтэй хүн биш болж хувиран, эр хүн болжээ. Жимийн нас нь явах тусам уушийн газрын тавилга болж хувирав. Хүн болгон Жим чи хэн юм? Хаанаас ирсэн юм? Эцэг эх чинь хэн юм? гэж асууна. Ингээд нэг өдөр Жим уушийн газрын буланд шал согтуу байхдаа зодуулжээ. Бармен түүнрүү ирж, "-Жим сэрээч, алив сэр. Би бармен биш. Би цаг хугацаагаар аялагч. Хоёулаа миний машинд сууж Жэйн байгаад Жим бологч чухам хэн болохыг олж мэдэцгээе" гэж гэнэ.
Ингээд тэд цаг хугацаагаар бүр хойш ухарч аялана. Өнгөрсөн үеэ бараг мартах шахсан хөөрхий Жим 17 настай үзэсгэлэнтэй охинтой уулзана. Тэд анхны харцаар дурлацгаав. Гэвч тэд хамтдаа байх тавилангүй байв. Хосууд үргэлж маргах болов. Эцэст нь Жим найз охин нь жирэмсэн гэдгийг олж мэдэв. Тэгээд Жим өөртөө "Бурхан минь түүх давтагдаж байна. Надад бас ийм зүйл тохиолдсон. Би хүүхэддээ хамгийн сайн боловсрол эзэмшүүлэх болно" гэж хэлэв. Ингээд тэр өдрөөс хойш 9 сарын дараа Жим эмнэлэгт очиж, цонхыг нь хага цохин өөрийн хайрт охиноо хулгайлжээ.
Дараа нь Жим бяцхан охинтойгоо цаг хугацааны машинаар аялаж бүр хойшоо, өнгөрсөн рүү явав. Тэд 1945 он хүртэл явсан байв. Түнэр харанхуй, нүүр нүдгүй шуурга шуурсан шөнө байв. Жим хайрт охиноо харанхуйгаас тэвэрсэн хэвээр гарч ирж асрамжийн газрын гадаа орхив. Маргааш нь охиныг олсон гэлэнмаа нар яах ёстойгоо мэдээгүй учраас охиныг Жэйн гэж нэрлэв. Ингээд Жэйн өсөж том болохдоо хэн миний ээж, аав юм бол? Би яагаад энэ хөгийн асрамжийн гадаа хаягдсан юм бол гэж боддог байв.
Жим эцэст нь бүгдийг ойлгов. Тэгээд би бүх насаараа согтуу толгой баймааргүй байна. Цаг хугацаагаар аялагчдын эгнээнд нэгдье гэж шийдэж. Ингээд мань эр цаг хугацаагаар аялагчдын ертөнцөд нэгдэн, олон жилийн турш их л гавьяа байгуулсан гэдэг. Эцэст нь тэр өтөлжээ. Жим дотроо би амьдралаа сайхан өнгөрүүллээ. Одоо надад сүүлчийн ганц л даалгавар байна. Цаг хугацаагаар буцаж аялаад, хиймэл үс зүүж, бармены дүр эсгээд, дөнгөж саяхан эцэг эх чинь хэн юм, чи хаанаас ирсэн юм гэсэн асуултанд хариулж чадахгүй учраас нударган зодоон хийсэн согтуу толгойтой уулзахаар явах хэрэгтэй байна гэж хэлжээ.
Асуулт: Жимийн аав, ээж, охин, хүү, ач, зээ хэн бэ?
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй