Эмэгтэй тамирчид арвин амжилттай ирлээ

Эмэгтэй тамирчид арвин амжилттай ирлээ


7 жил

    Арваннэгдүгээр сарын сүүлээр Польшийн Быдгош хотод болсон 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ, энэ сарын эхээр ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн гэсэн гурван том тэмцээн эх орноо төлөөлөн оролцсон, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид уржигдар эх орондоо ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид Спортын төв ордонд хэвлэлийн бага хурал хийв. Польшийн дэвжээнд ОУХМ А.Батцэцэг мөнгө, Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн “U-23”-ын анхдагчид болсон.

Мөн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр нараар удирдуулсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер Б.Чимгээ гэсэн бүрэлдэхүүнтэй баг арванхоёрдугаар сарын 1-2-нд Чувашийн нийслэлд Чебоксарт болсон эмэгтэйчүүдийн 16 удаагийн Дэлхийн цомд зодоглож хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

Бүсгүйчүүд маань үүнээс хоёр хоногийн дараа тус хотод зохион байгуулагдсан ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээнээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Э.Сумъяа, А.Батцэцэг нар алт, спортын мастер Х.Болортуяа мөнгө, ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медалийн эзэн болсон юм. Сүүлийн 14 хоногийн хугацаанд медалийн арвин ургацтай ирсэн манай бүсгүйчүүдийн 2017 оны тэмцээн шувтарч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү