Олон улсын олимпийн хороо (IOC)-ны 131 дүгээр чуулган энэ сарын 13-16-нд Перугийн нийслэл Лимад болж, 2024, 2028 оны зуны олимпийн наадмын зохион байгуулах хотыг зарласнаас гадна “Токио-2020”, “Парис-2024” олимпийн наадмын спортын 28 төрөлд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
2013 онд Аргентиний Буэнос-Айрест болсон чуулганаар олимпийн төрлөөс хасагдах аюул нүүрлээд байсан бөхийн төрөл ямартаа ч сүүлийн хоёр олимпод үлдэхээр болоод байна. “Лос-Анжелес-2028” олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн төрөл хасагдах бус дахин үлдэх магадлал өндөр. Учир нь чөлөөт бөхийн эх орон Америкчууд зуны XXXIV олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулна. Гэхдээ үүнийг 2021 онд ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.