Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.
Ерөнхийлөгчийн зарлигаар эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Есүйнхэн мэргэн” клубын харваач, Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Улсын Даян мэргэн цол, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол Улсын спортын мастер Баатархүүгийн Бумцэндэд Монгол Улсын Гарамгай харваач цол, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, АПУ трейдинг компани, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Азаагийн Энхтөрд Монгол Улсын Гоц харваач цол тус тус олгов.
Эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэгт Монгол Улсын Мэргэн цол, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач, Монгол Улсын спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяад Монгол Улсын Гарамгай харваач цол, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Улсын мэргэн Б.Пунсалдуламд Монгол Улсын Гарамгай, гоц мэргэн цол тус тус олгов.
Цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.