Долдугаар сарын 7-9-нд Польшийн нийслэл Варшавт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн болно. Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Г.Отгонжаргал (Алдар), 55 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 60 кг-д Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан (Хилчин) гэсэн зургаан бүсгүй Польшийн нийслэлд хүч үзэх юм. Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллана.
Польшийн нээлттэй тэмцээнд манай бүсгүйчүүд 2013 оноос хойш оролцож эхэлсэн бөгөөд 2014 онд гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, ОУХМ С.Бямбацэрэн, 2015 онд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Б.Шоовдор, 2016 онд ОУХМ П.Орхон нар аваргалж байв.