Эрүүл мэндийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага-ЖАЙКА хамтран "Монгол Улсын анхан ба хоёрдахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулахад чиглэгдэж байгаа бөгөөд төслийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний яаралтай тусламж, хүүхэд, гэмтэл согог, халдварт өвчин судлалын үндсэн мэргэшлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж, чадавхижуулахад анхаарч ажиллаж байна.
Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн 2 дахь удаагийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн яаманд болж, төслийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Охара Хироши, зохицуулагч Нода Хироюки нар 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлагнасны зэрэгцээ эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт, амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламжийн сургалтыг цаашид хэрхэн тогтвортой явуулах, сургалт эрхлэгч байгууллага, резидент эмчийн явцын үнэлгээг хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмжөө танилцуулав.
Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар 1) OTWS (training of trainer’s workshop) буюу эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтын талаар цаашид баримтлах бодлого, үндсэн зарчим, төлөвлөгөө, 2) Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж (AALS-advanced assessment and life support)-ийн сургалтын төлөвлөгөө, 3) Үндсэн мэргэшлийн сургалт эрхлэгч байгууллага (СЭБ)-д үнэлгээ хийх төлөвлөгөө гэсэн 3 асуудлыг төслийг хэрэгжүүлэх хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаар 2 тал зөвшилцөлд хүрсэн юм.
Энэ үеэр хурлаас гарсан дээрх зөвшилцлийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга, Д.Очирбат, Төслийн захирал бөгөөд хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга болон Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар "Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлын баримт бичиг"-т гарын үсэг зурж баталгаажууллаа.