Дээрх зурганд байгаа хоёр баримлыг сайн ажиглана уу. Хоёр баримал хоорондоо ялгаатай харагдаж байгаа биз. Баруун талд байгаа тас хар баримал зүүн талд байгаа гурван хэмжээст, сахалтай хүний шар өнгийн барималтай адилхан гэвэл та үнэмших үү? Үнэндээ баруун талын баримал маш хар учраас материалын хэлбэр сайн мэдрэгдэхгүй, хавтгай харагдаж байгаа.
2014 онд “дэлхийн хамгийн хар хар өнгө”-ийг Их Британий нанотехнологийн компани Surrey NanoSystems гаргасан ба үүнийгээ тэд Вантаблак гэж нэрлээд байв. Вантаблакийг тусгай өндөр температуртай өрөөнд нүүрсний нано гуурсаар гаргажээ. Тэдний гаргасан хар өнгө туссан гэрлийн 99.96 хувийг өөртөө шингэдэг. Уран бүтээлч Аниш Капүүр Вантаблакийн тухай artnews-д “огторгуйд хар нүхний дараа орох хамгийн хар материал” гэж ярьжээ. Тэгвэл Surrey Nanosystems түүнээс ч хар, лазер шингээх хэмжээний харыг гаргахаар бэлдэж байгаа гэнэ. Шинэ хар өнгийг спектрометрээр ч хэмжих боломжгүй гэжээ.