Ж.Баясгалан: Сумын эмнэлгийн эмч хувийн дансаараа иргэдээс мөнгө авчээ


5 цаг

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн даатгуулагчийг төлөөлөх шинэ гишүүнийг томилох нээлттэй сонсгол болов.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Би орон нутагт ажиллаад ирсэн. Хэд хэдэн аймгийн эмнэлэгт очлоо. Сумын эмнэлэгт өглөө 08.00 цагт ажилдаа ирдэг хүн алга, тэнд байдал их хэцүү байна. Эмч нар нь хувийн дансаараа иргэдээс мөнгө авч байна. Харуул хамгаалалтгүй байна. Эмнэлгийн ажилтнууд,өвчтөнүүд нэг өрөөнд хамт хэвтдэг юм байна. 

Иймд иргэд арга буюу аймгийн эсвэл нийслэлийн эмнэлгийг бараадаж байна. Сумын эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэх тал дээр Эрүүл мэндийн даатгалын сан анхаарна уу.

Бүх эмнэлгийн санхүүжилтийг танаж хасаж байна. Эмнэлгүүдийн гүйцэтгэлийн 60-70 хувийг л санхүүжүүлдэг. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Хөвсгөл аймгийн эмнэлэг ямар ч авлагагүй, өргүй, биеэ даасан байдалтай байна. Маш сайн ажиллажээ. Том хагалгаануудыг биеэ даан хийж байна.

Эмч, ажилчдынхаа ар гэрийн асуудлыг ч шийдэж чаджээ. Гэтэл хатуу хэлэхэд, сумын эмнэлэгт очиход эмнэлэг үү, зочид буудал уу гэдэг нь ялгагдахгүй байна. Шөнө 24.00 цагт очиход сумын эмнэлэгт нэг ч эмч байгаагүй. Гаднаас ирсэн хүмүүсийг өвчтөнүүдтэйгээ нийлүүлээд, хүлээн авах өрөөндөө унтуулдаг. 

Тэр мөнгөө эмч нь хувийн дансандаа авчээ. Энэ нь тэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст их хор уршигтай. Ийм дампуу болжээ. Мөнгө олох зорилготой бол өөр байранд хүмүүсийг унтуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын зөвлөл өрхийн эмнэлгүүд, сумын эмнэлэгт очиж ажиллах хэрэгтэй байна. 

Би цалин авдаггүй юм чинь гээд өрөөндөө баймааргүй байна. Үндэсний зөвлөлийн гишүүн болох нь даргын ажил биш.

Яагаад иргэд өрхийн эмнэлэгт очихгүй байна вэ? Гэтэл гурав дахь шатны эмнэлгүүд яагаад их хүнтэй  байна. Зарим хүн сувилал маягаар эмнэлэгт хэвтдэг. Алдаа нь хаана байна вэ? Яагаад иргэд өрхийн эмнэлэгт  шинэ эмч нар л ажилладаг гэж бодоод байна вэ? Аймгийн эмнэлгүүдэд бол ачаалал дунд түвшинд байна. Хамгийн их даатгал төлсөн атлаа хамгийн бага үйлчилгээг авдаг иргэд бий" гэв.       

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү