“Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”


5 өдөр

“Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өнөөдөр /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Уг ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулга стратегийн ордод хамааруулалгүйгээр үндэстэн дамнасан санхүүгийн схем байгуулж, гадаадад гарган зарсан гэдэг мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн юм.

Тэрбээр “Х.Баттулгын хуульч Д.Пүрэвбаатар гэдэг хүн залгаж байна, бас бичиж байна. Миний аавыг  Төгрөг нуурын ордыг 1.3 сая ам.доллараар зараад идчихсэн, луйварчин маягийн юм бичиж асуудал үүсгэж байна. Эхлээд аавынхаа тухай яръя.

Аав маань Шинжлэх ухааны доктор, эрдэмтэн профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Антрактид тив судлаач Л.Дүгэржав гэж хүн байсан. Аав маань бурхан болоод 3 жил болж байна. 2005 онд эрдэмтэн найзуудтайгаа хамтраад Төгрөг нуурын орд дээр утаагүй түлшний үйлдвэр байгуулаад 2008 онд туршилтаар утаагүй түлш үйлдвэрлэж  байсан. Аав маань Төгрөг нуурын орд дээр гүйцэтгэх захирал хийгээд 20 хувийн эзэмшигч байсан.  2009 нд Хонконгийн хөрөнгийн бирж дээр Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар хятадуудад зарсан гэдэг мэдээлэл  сайт дээр нь тавигдсан. Бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр аваад цааш нь шилжүүлээд явсан. Бид 20 хувь дээрээ мөнгө нэхэмжлээд гурван шатны шүүхээр яваад тусыг эс олсон. Гэтэл ямар учраас 16, 17 жилийн дараа УИХ, Засгийн газрын түвшинд Төгрөг нуурын ордыг гаргаж ирээд,  улстөржүүлээд нэлээд юм болж байна. Охиных нь хувьд  би бас эмзэглэж байна. Иргэн хүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой өөрт байгаа материалыг Авлигатай тэмцэх газар /АТГ/- т өгөх нь зөв юм байна гэж бодож байна.  Аавыг маань 1.3 сая ам.доллараар Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн гэж ярьж байгаад охиных нь хувьд эмзэглэж байна.  Янз бүрийн утасны дугаараас залгаж, бичиж байна. Айж байна. Хамгаалалт хэрэгтэй байна. Тийм учраас АТГ- т Төгрөг нуурын ордтой холбоотой бичгээ өгөх,  хамгаалалт мөн авах хүсэлтэй байна” гэлээ.  Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Төгрөг нуурын ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулга 2007 онд танай аавыг дарамталж байгаад авсан гэдэг зүйл яригддаг. Юу гэж дарамталсан юм бол?

-Аав маань геологич хүн байсан учраас Тавантолгой, Төгрөг нуур, Цайдам нуурын ордод хайгуул хийж байсан. Төгрөг нуурын ордод  1983 онд хайгуулыг нь хийж байсан. Улаанбаатар хот утаандаа баригдчихаад байна шүү дээ. Эрдэмтэн хүн учраас хамгийн анх энэ утааг олж хараад 2008 онд утаагүй түлшний үйлдвэр байгуулаад хүрэн нүүрсийг шавартай холиод  түлшээ үйлдвэрлэж эхэлсэн. 2012 онд утаанаасаа салчих ёстой байсан боловч төсөл гацаад уурхай маань Хонконгийн бирж дээр биднээс хамааралгүйгээр зарагдаад явсан. Аав маань төслөөс гарсан.

Би бол харддаг. Тухайн үед хөрөнгө оруулагч байсан хүн нь бурхан болсон. Аавыг маань 1.3 сая ам.доллараар Төгрөг нуурыг зарж идсэн гэдэг мэдээлэл гаргаад байгаад эмзэглэж өөрсөддөө байгаа материалыг АТГ -т өгөх нь зөв болов уу гэж үзээд ирсэн байгаа.

-Та бүхэн шүүхэд хандаад ч 20 хувиа олж чадаагүй юм уу?

-20 хувийг маань биднээс асуухгүйгээр “та нар өртэй байсан” гээд банк руу шилжүүлсэн гэсэн.  Бид нар тэр банкинд өртэй байгаагүй.  Бид нарын данс руу орсон мөнгө байхгүй. Утаагүй түлшний үйлдвэр байгуулахад ч түүн рүү оруулаагүй. Гэтэл Төгрөг нуурын ордыг хамтраад зараад идчихсэн, эх орноо зарсан байна гэдэг асуудалд холбогдож байна. Тийм ч учраас АТГ, цагдаад иргэн хүний хувьд хандаж байна.

https://www.facebook.com/shildegmedee/videos/989571459945513 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү