Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2024.10.16/ орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:
-Монгол Улс даяар 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн Ардчилсан нам ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттай оролцлоо. Харамсалтай нь, бид ялагдал хүлээсэн. Нийт 45 мандатаас Ардчилсан нам таван мандатыг ард түмний сонголтоор авсан. Гэхдээ үүнд хэд хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт нийслэл хот 1.7 сая хүн амтай, үүнээс насанд хүрсэн сонгогчийн тоо 1 сая 92 мянга орчим бий. Гэтэл нийт сонгогчийн ирц нийслэлд 42 хувьтай байсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Өнгөрсөн хугацаанд төрийн эрх баригчид Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа санал авах өдрийг Баасан гариг болгож баталсан. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуулийг ямар нэгэн ирцийн босгогүйгээр хуульчилсан байгаа. Үүнээс болж орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн оролцоо багассан.
МАН нийт сонгогчийн 19 хувийн саналыг авсан буюу Улаанбаатар хотыг 100 хувь засаглахаар болсон. Энэ нь МАН-ын нийслэлийн сонгогчдод зориулан баталсан буруу хуулийн гажуудал.
Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүүхдийн төлөө хот уриатайгаар оролцсон. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа маш олон асуудлууд бий. Ирэх дөрвөн жил бид хэдий цөөнх болсон ч гэсэн уг хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас дэвшсэн хүмүүсийн 60 орчим хувь шинээр нэр дэвшсэн буюу залуучууд байсан. Мөн 30 орчим хувь нь гадаадын их, дээд сургууль төгссөн өндөр боловсролтой, салбар салбарын шилдэг залуучуудаар бид багаа бүрдүүлсэн. Орон нутгийн сонгуульд бид хэдий ялагдсан ч гэсэн өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдээ заавал төрийн оролцоогүй хийж хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежер Б.Ган-Очир:
-Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам тооны хувьд ялагдсан мэт боловч нийт сонгогчдын 19 хувийн саналыг авсан МАН-д бид бодлогын, чанарын хувьд ялагдаагүй. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт хариуцлагаа хүлээж огцорно гэдгээ мэдэгдсэн. Олон хүн өөрсдөөсөө буруугаа хай гэж байна. Бид дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрсөн. Орон нутгийн сонгуульд нийслэлийн Ардчилсан намын ерөнхий менежерээр ажилласан хүнийхээ хувьд Л.Гантөмөр даргад сэтгэл дундуур байгаагаа хэлье. Сонгуулийн 14 хоногийн турш МАН муу гэж хэлдэггүй юм аа гэхэд, манай нам сайн гэж ганц дугарахгүй яав дээ гэх асуултыг тавимаар байна. Эдгээр 44 нэр дэвшигч үнэхээр байдаг чадлаараа ажилласан гэв.