БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 4000 болгон нэмэгдүүлснээ мэдэгдэв.
Тодруулбал, Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна. Бүлгийн гишүүд Солонгосын анхны хаант улс болох эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр, Элчин сайд Чой Жин Вон, Элчин сайдын зөвлөх Кан Хёнчоль нар оролцлоо.
Элчин сайд Чой Жин Вон яриандаа “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, 2 улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” гэв.