ИХ-ын “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” дэд цонх өнөөдөр нээгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” цонх нээгдсэнээр, иргэд олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар ч асуудлаар өргөдөл гаргах, мөн бусдын гаргасан өргөдөлд санал өгч УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж байгаа юм байна.
“Нийтийн өргөдөл” дэд систем хэрхэн ажиллах журмыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар баталсан бөгөөд байнгын хорооны дарга Э.Батшугараас мэдээлэл авлаа.
- Иргэд “D-Parliament” цахим хуудас, гар утасныаппликэйшнийг ашиглах бөгөөд бүртгэл танилт нэвтрэлтийн “Дан” системээр баталгаажих тул санал давхардах, хуурамч хаяг ашиглах боломжгүй юм байна.
- Цахим систем ашиглах боломжгүй бол төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдээр дамжуулан өргөдөл гаргах, санал өгөх боломжтой. Одоогоор нийслэл болон орон нутаг, хилийн чанадад “Хурдан” цэгийн 130 салбар нээгдсэн байна.
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар санал гаргах, санал авахыг хориглоно.
- Иргэний гаргасан санал эхний 100 дэмжлэгийг авснаар тухайн өргөдлийг 30 хоногийн хугацаатайгаар системд байршуулна. Энэ хугацаанд иргэн доорх 3 төрлөөс сонгож тодорхой тооны дэмжлэгийг авах хэрэгтэй.
Үүнд:
- Тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах-33000 санал
- Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах-70000 санал
- УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх-100000 санал
Тус системд хамгийн эхний өргөдөл болох НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг нар хамтран санаачилж тус системд байршуулжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх юм. Хэрэв та дэмжиж байвал дараах линкээр орж саналаа өгөөрэй.
“УИХ-ын цахим системд ийнхүү нийтийн өргөдлийн цонх ажиллаж эхэлсэн нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог хангахад цахим шилжилт, технологийн дэвшлийг ашигласан түүхэн шинэчлэл гэж хэлж болно. Иргэн таныг хууль тогтоох явцад хариуцлагатай хандахыг уриалж байна” гэж ИЦББХ-ны дарга Э.Батшугар онцоллоо.