УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, НАМЗХ-ы Ерөнхийлөгч асан Нямтайширын Номтойбаяр улс төрд эргэн ирэхээр шургуу ажиллаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх хүсэл түүнд байна гэсэн үг. Тэрээр давын өмнө "2020 буюу Н.Номтойбаярыг хэн хэлмэгдүүлсэн бэ?" гэх нэвтрүүлэг бэлтгэн, өөрийг нь "Женко" Х.Баттулга л хэлмэгдүүлсэн гэх мессеж түгээх замаар, МАН-ын удирдлагуудад тал засч, дэмжлэгийг нь олохыг хичээсэн билээ.
Одоо тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрхэн батлагдахыг хүлээж байгаа аж. Учир нь уг хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Энэ заалт хүчингүй болчих байх гэсэн горьдлого зөвхөн Н.Номтойбаярт бус хэд хэдэн улс төрчдөд бий. Гэхдээ энэ заалт хүчингүй болоогүй ч , Дээд шүүхээс шийдвэр гарч, хэргийг нь мөрдөн байцаалтад буцаах, Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай 29.8 дэхь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх гэх зэрэг уг заалтаар хязгаарлагдаж буй улс төрчид УИХ-д нэр дэвшиж болох өөр хувилбарууд бий ажээ.
Гэхдээ УИХ-д нэр дэвших боломжтой болсон ч МАН лав Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг удирдаж байгаа цагт Н.Номтойбаярт квот өгөхгүй.
Үүнийг ч сайн мэдэх Н.Номтойбаяр Монголын Ногоон Намыг ихэд сонирхон, хэлэлцээ хийж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр тус намын удирдлагад ихээхэн хэмжээний мөнгө санал болгосон гэх албан бус мэдээлэл ч байна.
Хэрвээ энэ хэлцэл амжилттай болвол Н.Номтойбаяр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа дээрээсээ гуравт бичигддэг, Монголын улс төрийн анхны намуудын нэг болох Монголын Ногоон Нам дээр суурилан, хүчирхэг эвсэл зохион байгуулах боломжтой болно.
Эх сурвалж:www.sonin.mn